
Баян-Өлгий аймаг агаарын бохирдлыг бууруулах, орчны мэдээллийг бодит цаг хугацаанд хянах дэвшилтэт технологийг нутагшуулж эхэллээ. 2025 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тус аймагт “Агаарын чанарыг хянах автомат станц”-ыг амжилттай суурилуулж, холбогдох мэргэжилтнүүдийг сургалт, дадлагажуулалтаар ханган бүрэн нэвтрүүллээ.
Энэ ажил нь Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Монгол Улсад агаарын чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох” төслийн нэг хэсэг юм.
Төслийн гол зорилго нь улс орон даяар агаарын чанарыг тасралтгүй, найдвартай хянах орчин үеийн системийг нэвтрүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад оршино. Баян-Өлгий аймаг нь тус автомат станцыг суурилуулсан хоёрдугаар шатны эхний аймаг бөгөөд Монгол Улсын 8 дахь аймаг болж байна.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, АЗТГ-ын дарга Ө.Тиянах, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл, тус байгууллагын ажилчид, албан хаагчид болон Монгол, БНСУ-ын төслийн хамтарсан багийн төлөөллүүд оролцлоо.
Тус арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн шинжээч Ц.Мөнхбат, БНСУ-ын Байгаль орчны корпорацын олон улсын хамтын ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн газрын захирал Ха Жон Вон, Kentek компанийн захирлууд Жон Цанг Ху, Ким Хи Жүн, ерөнхий менежер Юн Жон Хан, мөн төслийн зохицуулагчид И Дун Хва, Чу Бён Хён нар оролцсон юм.
Шинэ станц нь хүхэрлэг хий (SO₂), азотын ислүүд (NOx), нарийн ширхэгт тоосонцор (PM10, PM2.5) зэрэг нийт зургаан үзүүлэлтээс дөрвийг 24 цагийн турш, жилийн 365 хоног тасралтгүй автомат аргаар хэмжих чадвартай.
Өмнө нь агаарын чанарыг өдөрт гурван удаа сорьц авч, химийн аргаар шинжилдэг байсан бол одоо таван минут тутамд бодит цагийн мэдээлэл авч, бодит үр дүнг шууд боловсруулах боломжтой болсон нь онцлог юм. Энэхүү шинэ систем нь орон нутгийн агаарын чанарыг сайжруулах, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд томоохон дэвшил болж байгаа бөгөөд эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Тус төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санаачилга гарган ажилласан хөрөнгө оруулагч талын нэр бүхий хүмүүст аймгийн Засаг даргын өмнөөс шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэв.




