.webp)
Энэ удаагийн бодлогын хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судлалын хүрээлэнтэй хамтран танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал доктор, профессор Б.Баясгалан нээн үг хэлж, Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор, дэд профессор Ж.Жаргал хөтлөн явууллаа. Стратеги судалгааны хүрээлэнгийн захиргаа, сургалт дэмжлэгийн албаны дарга, доктор Ц.Минжин "Төрийн бодлогын залгамж чанар: Манжийн үе хүртэл" сэдвээр, Төр, нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн шинжээч, доктор Т.Сүхбаатар "Төрийн бодлогын залгамж чанар: ХХ зуун" сэдвээр, Удирдлагын академийн төгсөгч, доктор М.Мөнхжаргал “Төрийн бодлогын залгамжлалыг хэмжээсжүүлэн шинжлэх нь" сэдвээр тус тус сонирхолтой илтгэл танилцуулж, оролцогчид хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд асуулт асууж, цаг түүхийн явцад төрийн бодлого ямар байсан, өнөө цагт бид юун дээр анхаарах талаар харилцан идэвхтэй яриа өрнүүллээ. Хамтарсан хэлэлцүүлэгт төрийн бодлого, улс төр судлал, удирдахуйн ухааны чиглэлийн судлаач, багш, эрдэмтэд, төрийн албан хаагчдын 30 гаруй төлөөлөл танхимд хүрэлцэн ирж, 150 гаруй оролцогч цахимаар оролцлоо. Бодлогын хэлэлцүүлгийн зорилго нь эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ харилцан солилцох, олон нийтэд таниулах, хэлэлцүүлгийн үр дүнг бодлого боловсруулагчдад зөвлөмж хэлбэрээр хүргүүлэх бөгөөд цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах боломжтой юм.