
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос “АЖИЛТНАА СОНСОЁ” ЭХ-ний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны (МЭХГУУҮЭХ) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж нээж, салбарын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболат, ТӨБЗГ-ын төлөөлөл Ц.Шинэхүү, В.Дарханбаатар нар оролцлоо. ЭХ-ний салбарт ажиллагаа “улаан зурвас”-т аюулгүй тулж ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж, ажлын ачаалал их, ажиллах нөхцөл хүнд, цалин бага байгаагаас ялангуяа залуучуудын урам мохож, улс орны хамгийн үнэт капитал болох хүн ийм бэрх нөхцөлд тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байгааг төр засаг огт анхаарч үзэхгүй байгаа тул өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх гарц, шийдлүүдийг хэлэлцэн төр засгийн холбогдох байгууллагуудад хүргэхээр гишүүн байгууллагуудын 17000 хүний төлөөлөл 180 гаруй ажилтнууд дуу хоолойгоо нэгтгэн хуран чууллаа. Зөвлөгөөнд Эрчим ҮЭХ-ны дарга Ж.Энхзул “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ БА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж, нийт чуулганд оролцогчдоос өндөр үнэлгээ авсан бол хорооны гишүүд болох СХА-ны инженер Д.Тулга, ЭЗЦГ-ын дарга М.Дэлгэрсайхан, ХХ-ийн инженер Ч.Нямдаваа нар үг хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.








