Sun Logo
ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч эрдэмтэн Анандын (Агданбуу) Амарын намтар
ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч эрдэмтэн Анандын (Агданбуу) Амарын намтар

ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч эрдэмтэн Анандын (Агданбуу) Амар нь 1886 онд Булган аймгийн Хангал сумын нутагт тайж Анандын хүү болон мэндэлжээ. Эцэг нь хүүдээ Гонгор хэмээх нэр хайрласан боловч хожим 1920 онд нэрээ Амар болгон сольсон гэх нь бий. Түүнийг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны Тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, тэрээр Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. Тэрээр 1924-1926 онд Аж ахуйн Яамны Сайд, 1926-1928 онд Дотоод Яамны Сайд бөгөөд Ерөнхий Сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий Сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ. Монгол төрийн "Мэргэн сайд" хэмээгддэг тулхтай төрийн зүтгэлтэн байв. Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм. 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр А.Амар: “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэжээ. Чингээд Монголын ард түмний баяр наадмын өдөр түүнд ялын дээд хэмжээ өгч, 7 сарын 27-ны өдөр цаазалжээ. ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд түүнийг цагаатгасан.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
704
Сүүлийн 7 хоног:
4953
Сүүлийн сар:
15802
Нийт:
61148
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР