Sun Logo
МИЛАН, КОРТИНАД МОНГОЛЫН ДАЛБААГ МАНДУУЛАХЫН ТӨЛӨӨ
МИЛАН, КОРТИНАД МОНГОЛЫН ДАЛБААГ МАНДУУЛАХЫН ТӨЛӨӨ

Сэтгүүлч Э.БААСАНДУЛАМ

 Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөж, монгол нутагт хамгийн хүйтэн ес тачигнаж байна. Хамгийн зузаанаараа хувцасласан ч ороолтны цаанаас хацар хайрч, алхах бүрд газар тас нясхийн дуугарна. Ийм жиндүү атлаа сүрлэг өдрүүд нь өвлийн нэгэн чимэг гэлтэй. 2026 онд дөрвөн жилд нэг, дөрвөн өвөлд нэг удаа зохион байгуулагддаг хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпын наадам болох гэж байна. Энэхүү наадам нь түүхэндээ МЭӨ 776 онд Грекийн Олимпия хотноо, Олимп уулын хормойд анх зохион байгуулагджээ. Эртний олимп орчин цагийнхаас нэлээд ялгаатай байв. Олимпод зөвхөн Грекийн овог, аймгууд оролцох бөгөөд олимпын өрсөлдөөний талбарт зөвхөн эрчүүд л гардаг байжээ. Энэ цагаас хойш орчин цагийн анхны олимп нь Грекийн нийслэл Афин хотноо 1896 онд 100 метрийн гүйлтээр эхэлж, анхны эмэгтэй тамирчин, анхны өнгөт арьст тамирчин, анхны багийн спорт, анх удаа таван тивийн төлөөлөл оролцсон зэргээр зуун зууныг дамжин шинэчлэгдэн сайжирсаар өнөөгийн их наадам бий болжээ.

 Энэ жил Итали Улсын Милан, Кортина д’Ампеццо хотод зохион байгуулагдах XXV дахь удаагийн өвлийн олимпын наадамд манай улсаас нийт гурван тамирчин оролцоно. Үүнд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар, уулын цанын төрөлд А.Ариунбат эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Тэр дундаа А.Ариунбат нь уулын цанын төрөлд өвлийн олимпын наадамд оролцож буй анхны монгол тамирчин болж байгаагаараа түүхэн үйл явдал тохиож байна. “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Үүнээс “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин, ахлах ахлагч Б.Ачбадрах, А.Ариунбат нар олимпын эрхээ авсан хилчин тамирчид бөгөөд эх орныхоо нэрийг дэлхийн спортын тайзнаа дуурьсгахаар зэхэж байна.

 Монгол Улсаас 25 дахь удаагийн өвлийн олимпод оролцох хилчин тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 09-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт болов. Энэ үеэр Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга П.Энхтайван, гүйлтийн цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, уулын цанын шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэн, ахлах ахлагч Б.Ачбадрах, А.Ариунбат, “Хилчин” олимп, биеийн тамир спортын холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Г.Хулан нар хүрэлцэн ирэв. Тэднийг соёлын төвд орж ирэхээс эхлээд танхим дүүрэн хилчид хүндэтгэн алга ташиж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд марш эгшиглэн ёслол төгөлдөр угтаж авсан юм. Ирэх хоёрдугаар сарын 06-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох хилчин тамирчид болон дасгалжуулагчдадаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулж, нийт хилчдээ төлөөлөн итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлэв.

 Энэ үеэр Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин, ахлах ахлагч Б.Ачбадрах: -“Би 2018 оны Пёнчаны олимп, 2022 оны Бээжингийн олимпод оролцож байсан бол энэ удаа 2026 оны Милан–Кортинагийн өвлийн олимпод оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Гүйлтийн цанын спорт нь тэсвэр хатуужил, хурд, авхаалж самбаа гээд хүний чадамжийн бүхий л талыг шаарддаг онцлогтой. Олимпын эрхийг Олон улсын цанын холбооноос тогтоосон онооны дагуу авдаг. Миний хувьд Бээжингийн олимпоос хойш оноогоо тогтмол ахиулж, БНСУ-д оноогоо өндөр түвшинд барин дэлхийн цомын уралдаануудад оролцсон. Мөн Норвегийн Тронхейм хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “А” зэрэглэлийн тамирчнаар өрсөлдөж, амжилттай оролцсоноор 2026 оны өвлийн олимпын болзлоо хангалаа. Би 2014 оноос хойш олимпын гурван циклд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Энэ удаад Италид олимп эхлэхээс 14 хоногийн өмнө очиж, цаг агаар, орчин нөхцөлдөө дасан зохицох бэлтгэлээ ханган уралдаандаа оролцох төлөвлөгөөтэй байна. Хоёрдугаар сарын 08, 10, 13-ны өдрүүдэд уралдах хөтөлбөрт багтсан. Намайг өдий хүртэл бэлтгэж ирсэн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, Т.Доржготов багш нартаа талархал илэрхийлье. Мөн Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн нийт хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Мөн “Хилчин” олимп, биеийн тамир спортын холбооноос цана бэлэглэсэнд баярлалаа. Эх орныхоо хил хязгаарыг хамгаалж буй эрэлхэг хилчдийнхээ итгэлийг алдалгүй, Б.Ачбадрах нь олимпод амжилттай оролцоод ирнэ ээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

 Харин А.Ариунбат: -“Би уулын цанын шигшээ багийн тамирчин. Таван настайгаасаа эхлэн уулын цанын спортоор хичээллэж, сүүлийн 4–5 жилд мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Уулын цанын спорт нь гараанаас барианд хүртэл байгальтайгаа нягт уялдаатай байх асар их мэдрэмж шаарддаг онцлогтой. Уулын уруу цасан дээгүүр цагт 70-80 километрийн хурдтай, ямар ч бэхэлгээгүйгээр уруудах нь энэ спортыг онцгой болгодог. Гэхдээ ганцхан бэртэл авбал маш хүнд гэмтэл авах өндөр эрсдэлтэй тул гараанд гарах бүртээ сэтгэлзүйн маш өндөр бэлтгэлтэй байх шаардлагатай болдог. Өнөөдөр биднийг хүлээж авна гэж сонссон ч ийм сайхан, хүндэтгэлтэйгээр угтана гэж огт төсөөлөөгүй. Би саяхан хилчин тамирчин болсон. Цэргийн хүндэтгэлийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Соёлын төвийн үүдээр ороход үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэж, хилчид маань бүгд босож хүндэтгэл үзүүлэн алга ташаад зогсож байсан тэр мөчийг би хэзээ ч мартахгүй” хэмээв. Ийнхүү Монгол Улсаа төлөөлөн өвлийн олимпын наадамд оролцох хилчин тамирчдаа хүлээн авч, урам зориг хайрласан энэ өдөр итгэл, бахархлын уур амьсгалаар дүүрэн байлаа. Дөрвөн жилд нэг тохиох их наадамд эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр бэлтгэж буй тэдний зам цас шиг цэвэр, зорилго нь тод байх болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
666
Сүүлийн 7 хоног:
4864
Сүүлийн сар:
22455
Нийт:
50876
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР