Sun Logo
ХУРАНДАА Ц.МЯГМАРДОРЖ: ХҮН ТӨВТЭЙ, ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН, ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН, ТОГТВОРТОЙ БОДЛОГО БАРИМТАЛНА
ХУРАНДАА Ц.МЯГМАРДОРЖ: ХҮН ТӨВТЭЙ, ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН, ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН, ТОГТВОРТОЙ БОДЛОГО БАРИМТАЛНА

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?

-Амрыг эрье. Захиргааны удирдлагын хувьд тогтсон жишгээр энэ оны албаны үр дүн, ололт амжилтаа дүгнэн, ирэх жил хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж байна. Байгууллагын хувьд ХХЕГ-ын даргын тушаалаар томилогдсон бүлгүүд өнгөрсөн долоо хоногт улсын хилд ажиллаж, Хилийн цэргийн командлагчийн Монгол Улсын хил хамгаалалтыг 2026 онд зохион байгуулах тухай болон Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах тухай удирдамжийн агуулга, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, байгууллагын зорилтыг бие бүрэлдэхүүнд хүргэж, 2025 оны ажлын дүнгээр шалгарсан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг хэрэгжүүллээ. Өнгөрч буй 2025 онд хилчид хуулиар хүлээсэн чиг үүрэг, байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхээс гадна албаны хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр бүх шатанд бүтээмж өндөртэй ажилласныг онцлон хэлэхийг хүсэж байна. -Хил хамгаалах байгууллага 2026 оныхоо зорилтыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Бид байгууллагын 2026 оны зорилтыг “Бүсчилсэн хил хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, дэвшилтэд техник, технологийг улсын хил хамгаалалтад үр дүнтэй ашиглах, хилчдийг чадваржуулах, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх замаар улсын хилийн аюулгүй байдлыг хангана” гэж тодорхойлсон. Байгууллагын зорилт, удирдамжийг хэрэгжүүлэхэд Захиргааны удирдлагын хүч хэрэгслийг төвлөрүүлэн ажиллах болно.

-Тэгэхээр “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хилчин” зорилт маань хэрэгжсэн гэж үзэж болох нь ээ?

-Дурдсан зорилтын хүрээнд байгууллагын удирдлагаас хил хамгаалалтад технологи нэвтрүүлэх, хилчдийн ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Хамт олон эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх нь субъектив шинжтэй асуудал бөгөөд бие бүрэлдэхүүний дунд явуулсан социологийн судалгаануудын үр дүнгээс үзэхэд та бид тавьсан зорилтоо хамтдаа ханган биелүүлсээр байна гэж хэлэхээр байна.

-Одоогоос 20 шахам жилийн өмнө бүсчилсэн хил хамгаалалтын үзэл баримтлал, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ ажил ямар шатандаа явагдаж байна вэ?

-Улсын хил хамгаалалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал бол тасралтгүй хөгжих, динамик үйл явц юм. Бид Монгол Улсын хилийн тухай хуульд зааснаар хилийн нөхцөл байдал, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан улсын хил хамгаалалт, материал хэрэгслийн хангалтыг уул, ой тайга, тал хээр, говь цөл, төвийн гэсэн таван бүсийн ялгавартайгаар зохион байгуулж байгаа боловч эдийн засгийн хөгжлийн бодлогод суурилсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д заасан долоон бүстэй хэрхэн уялдуулах асуудлыг тодорхой болгох шаардлагатай байна. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 он гэхэд Хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактик шинэчлэгдсэн байхаар, 2040 он гэхэд Бүсчилсэн хил хамгаалалттай уялдсан удирдлага, хяналтын тогтолцоо бэхэжсэн байхаар заасан. Иймд хил хамгаалалтыг бүсчилсэн байдлаар оновчтой зохион байгуулах, “Бүсийн хилийн албаны удирдах газар” байгуулах болон бодлогын бусад асуудлын суурь судалгааг 2026 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын хилийн тухай хуулийн хэрэгжилтэд холбогдох байгууллагатай хамтран үнэлгээ хийхээр төлөвлөж байна.

-“Хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөө” боловсруулах талаар таны захирамжид тусгагдсан. Үүнийг тодруулбал?

-Бид Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоол, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хил хамгаалах байгууллагын 2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байна. Энгийнээр тайлбарлахад “Хүн төвтэй, технологид суурилсан, хөгжилд чиглэсэн, тогтвортой бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж болно. Улсын хил хамгаалалтад инноваци, шинжлэх ухааны дэвшлийг үр дүнтэй ашиглах, хилчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлуудыг мөн тусгасан.

-Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Аливаа байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин, оновчтой бүтэц, хүний болон санхүүгийн нөөц чухал боловч хамт олны түүх, уламжлал, үнэт зүйл, хандлага, дотоод орчин, сахилга, хариуцлагын асуудлыг бодлогоос гадуур орхигдуулж болохгүй. Иймд ирэх жил Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал, хөдөлмөрлөх эрхийг хангах, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд халдах, ажлын байранд аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангуулна. Хилийн цэргийн ангиудын орон тоонд Захиргаа, хууль эрх зүйн ажилтны орон тоог бий болгож, алба хаагчдын эрх зүйн болон гадаад хэлний мэдлэгийг дэшлүүлэхэд анхаарна. Мөн сахилгын болон ёс зүйн зөрчилд хийх албаны хяналт шалгалтыг хуулийн шаардлагад нийцүүлэн явуулж, үр дүнг тухай бүр тооцно.

-Ирэх жил байгууллагын хэмжээнд цахим шилжилт хэрхэн хийгдэх бол?

-Өмнө дурдсанчлан албанд нэвтрүүлсэн технологийн ашиглалтыг хэвшүүлж, үр дүнг нэмэгдүүлэх үүднээс та бидний цахим хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж, уламжлал ба шинэчлэлийг хослуулах ур чадвар шаардаж байна. Бид бүх шатанд цахим (тоон) гарын үсгийн хэрэглээ, “BMS”, “Edoc” программын ашиглалтыг сайжруулж, бичиг хэргийн зардлыг 20-оос доошгүй хувиар бууруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөт сургалт, семинаруудыг аль болох цахимаар хийж, хилчдийн сэтгэл зүйн үйлчилгээг цахимаар явуулах туршилт, судалгааны ажлыг хэрэгжүүлж, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын программыг албанд нэвтрүүлнэ. Улсын хилийн музейн үзмэрүүд болон хилийн онцлог хэсгийг байгууллагын веб сайтад виртуал байдлаар байршуулж, олон нийтэд хүргэнэ. Хилийн албаны дэвтэр бүрэн цахимжах тул холбогдох бэлтгэлийг хангах шаардлагатай. Цахим шилжилтэд нийт бие бүрэлдэхүүний оролцоо, ялангуяа удирдах ажилтнуудын манлайлал чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

-Үндэсний бичгийн хэрэглээ өмнөх оныхтой харьцуулбал нэмэгдэх үү?

-Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, албан хэргийг хос бичгээр хөтлөх үйл ажиллагааг жигдрүүлнэ. Албан тушаалтнуудын ажиллах нөхцөл, бололцоог хангана.

-Хил хамгаалах байгууллагаас 2026 онд ахлагчийн албыг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Төрийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын хүндийг ахлагчийн бүрэлдэхүүн үүрдэг. Монгол Улсын шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нарын хамтран баталсан “Ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөр-2027” баримт бичгийг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлагаас анхаарч ажиллана. Энэ хүрээнд “Хил хамгаалах байгууллагын нийгмийн хамгаалал, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг 2026 онд сургах, давтан сургах, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдэд ахлагч бүрэлдэхүүний хөгжлийг дэмжих бодлогыг тусган, хэрэгжүүлэх болно.

-“Хилчдийг чадваржуулах” зорилтын хүрээнд алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авахаас гадна алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг ахиулахад онцгой анхаарал хандуулсан жил байх бололтой. Англи хэлний сургалтыг арай өөр хэлбэрээр зохион байгуулах юм байна гэсэн бодол төрж байсан?

-Тантай санал нэг байна. Бусад байгууллагатай харьцуулахад манай хамт олны хууль, эрх зүйн мэдлэг, гадаад хэлний түвшин доогуур байгаа нь нууц биш. Үүнд бид үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид баримтлах зарчим, бодлогыг тодорхойлж, сургалтын хүртээмж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.

-Хилчдийн сэтгэл зүйн хангалтын чиглэлээр ямар ажил зохион байгуулагдах бол?

-Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Хилчдийн сэтгэл судлалын төвөөс хамт олны дунд сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн судалгаанд үндэслэн сэтгэл зүйн хангалт, мэдээлэл сурталчилгаа, соёлын ажлыг хэрэгжүүлнэ. Хилчдийн сэтгэл зүйн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, дэмжлэг үзүүлэх бүлгийг хилийн цэргийн анги, салбаруудад ажиллуулж, тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Түүнчлэн ахмад, идэр, залуу үеийн оролцоог хангаж, эргэх холбоог хангах үүднээс гурван үеийн хилчдийн чуулга уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Танд баярлалаа.

-Энэхүү завшааныг ашиглан нийт хилчдэдээ айлчлан ирж буй шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1015
Сүүлийн 7 хоног:
5994
Сүүлийн сар:
21083
Нийт:
33444
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР