Sun Logo
АЛДАР ГАВЬЯА, ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭСЭН ЭРХМҮҮД
АЛДАР ГАВЬЯА, ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭСЭН ЭРХМҮҮД

Сэтгүүлч О.ТҮВШИНЖАРГАЛ

 

  Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны арга зүйн нэгдсэн сургалтын үеэр ХХЕГ-ын бүрэлдэхүүн, хилийн цэргийн анги, салбарын захирагч нартай хилчин гавьяатууд уулзалт хийв. Уг уулзалтын үеэр хилчин хурандаа Ч.Алтангэрэл “Хил үүссэн цагаас хилчид үүссэн. Хариуцсан хилийн хэсэг бүхэн түүхтэй. Тиймээс түүхээ мэдэж байж хилчид хилээ хамгаална. Харамсалтай нь өнөөдөр тэр түүхийг ярих алдар гавьяатнууд цөөрчээ” хэмээсэн юм. Тийм ч учраас Хил хамгаалах байгууллагаас төрсөн гавьяатууд нэгдэн “Монголын хилчин гавьяатуудын холбоо” ТББ-ыг байгуулжээ. Байгуулагдаад удаагүй тус байгууллага ийнхүү хилийн цэргийн анги, салбарын захирагч нар болон ХХЕГ-ын удирдлагуудад үйл ажиллагааныхаа бодлого чиглэлийг танилцуулж буй нь энэ юм. 

  Тус төрийн бус байгууллагын тэргүүн Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, хурандаа Н.Наранжамц “Түүхэн үйл явдлын гэрч, алдар гавьяаны эзэд өдрөөс өдөрт цөөрч байна. Энэ бол дунд үеийнхэн болох бид идэвх муу байгаагийн илрэл. Тиймээс хилчин гавьяатууд бид нэгдэж хилчдэдээ туслах, музейн сан хөмрөгийг баяжуулах, зохиол бүтээл, дуу хөгжим гээд бүхий л зүйлсийг та бүхэнд өвлүүлэх, гавьяатуудаа алдаршуулах зорилготой уг төрийн бус байгууллагыг байгуулсан” хэмээн тайлбарлав. “Монголын хилчин гавьяатуудын холбоо” ТББ нь удирдах зөвлөлдөө есөн гишүүнтэй бөгөөд тэргүүнээр Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Н.Наранжамц ажиллаж байна. Цаашлаад дэд тэргүүнээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бэлтгэл хурандаа Ч.Алтангэрэл, гүйцэтгэх захирлаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, бэлтгэл дэд хурандаа Д.Баатархүү нар ажиллаж байгаа аж. Тус байгууллагын зохион байгуулалтын хувьд Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн гавьяатууд, Үйлчилгээний гавьяат, Спортын гэх мэт таван бүлэгт, хилийн цэргээс төрсөн 42 Монгол Улсын гавьяатыг чиглэл чиглэлээр нь хуваан үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

  Улмаар энэ онд Хил хамгаалах байгууллага болон бусад байгууллагатай уулзалт зохион байгуулж, харилцаа тогтоох, хилийн цэргээс төрсөн баатрууд, хилчин гавьяатуудын тухай түүхэн ном, “Хилчдийн өдөр”-т зориулсан уран бүтээлийн тоглолт, нэрэмжит төгөл байгуулах зэрэг олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байгаа аж. Уг уулзалтын үеэр хилчин гавьяатуудаа хэзээд дэмжихээ илэрхийлж хилийн цэргийн анги, тусгай салбарын захирагч нарын “Захирагч” сангаас мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм. Цаашид ХХЕГ, хилийн цэргийн анги тусгай салбартай “Монголын хилчин гавьяатуудын холбоо” ТББ бүх талаар хамтран ажиллах, харилцан туршлага солилцохоо хилчин гавьяатууд илэрхийллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
666
Сүүлийн 7 хоног:
4864
Сүүлийн сар:
22455
Нийт:
50876
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР