
Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас кино урлагийн салбарын уран бүтээлчдэд зөвлөлийн үйл ажиллагаа, төсөл мэдүүлэх зөвлөмж, чадавхжуулах сургалт, кино төслийн танилцуулга, олон улсын кино наадмууд болон холбогдох хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хүргэх зорилгоор “Салбарын уран бүтээлчдэд мэдээлэл хүргэх чөлөөт уулзалт”-ыг 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтын талаарх товч танилцуулгыг Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал хийж КУЗ-ийн Ажлын албаны Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар “Кино урлагийг дэмжих сан”-д хэрхэн төсөл мэдүүлэх тухай болон төсөл мэдүүлэх зөвлөмжийг хүргэсэн бөгөөд КУЗ-ийн Ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ Олон улсын кино наадмуудад хэрхэн оролцох тухай танилцуулгыг хийсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хийж хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг уран бүтээлчдэд танилцуулж Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Онондорж, Н.Энхбат, Г.Энхбаяр нар хүрэлцэн ирж чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд СУИС-ийн харья Соёл урлаг судлалын хүрээлэнгээс Кино урлагийн салбарт хэрэглэгддэг зарим нэр томьёоны талаарх ойлголт, орчуулга, оноолтод холбогдох асуудлуудын талаарх санал асуулгыг авсан юм. Цаашид тус уулзалтыг улиралд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд эхний уулзалтад кино урлагийн салбарын 50 орчим уран бүтээлчид хамрагдлаа. Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй уулзалтад идэвхтэй хамрагдсан салбарын уран бүтээлчдэд алархал илэрхийлье. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам