
Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газрын 192 метр квадрат талбай бүхий, 6 автомашины багтаамжтай автопаркийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, “Алтай шар говь” ХХК-ийн захирал Ш.Жанерке болон Онцгой байдлын газрын алба хаагчид оролцлоо.

Тус автопаркийг орон нутгийн төсвийн 116.7 сая төгрөг, Онцгой байдлын Ерөнхий газрын 107.4 сая төгрөгийн санхүүжилттэйгээр нийт 224.1 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Алтай шар говь” ХХК барьж гүйцэтгэсэн байна.
Шинэ авто парк ашиглалтад орсноор Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглагддаг тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн хадгалалт, бэлтгэл, бэлэн байдал хангагдаж, улмаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шуурхай, найдвартай байдал дээшилж байна.




