
ГБХНХЯ-ны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын Мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэн (KRIVET) “Хөдөлмөр эрхлэлт- техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хурал 2025”-ыг хамтран зохион байгуулж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Боловсролын магадлан итгэмжлэл үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Солонгосын политехник коллеж, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Барилгын политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Дотоод хэргийн их сургууль “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хурлын үйл ажиллагаанд оролцож байна.
БНСУ-ын Мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэн (KRIVET)-гийн ерөнхийлөгч Dr. Hye Won Ko, ХАХНХССХ-гийн захирал М.Батгэрэл нар хурлыг нээж үг хэллээ. ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа Монгол, Солонгосын хоёр эрдэм шинжилгээний хүрээлэн ийнхүү хамтын ажиллагааны үндэс сууриа өнөөдрийн арга хэмжээгээр эхлүүлж байгаад халуун баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв.
Хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд БНСУ-ын үндэсний чадамжийн стандартын үүрэг, оролцоо, өгөгдөлд суурилсан ур чадварын зөрүү, хүний нөөцийн хөгжлийн бодлого, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн судалгаа сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавьсан бөгөөд Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт/Үндэсний чадамжийн стандарт, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын мэргэшил үйл ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
Түүнчлэн Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил зэрэг чиглэлээр мэдлэг солилцох, хамтарсан судалгаа хийх, судалгаанд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн таамаглал болон бодлогын зөвлөмж боловсруулах, орчин үеийн судалгааны арга зүй, их өгөгдөл ашиглан мэдээлэл цуглуулах аргачлалд суралцах, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтын асуудлаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар талууд тохирлоо.












