
Тогтвортой хөгжлийн зорилтын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тэргүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх (DEMOSC) төсөл”-ийг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан-Уул, Хэнтий болон Дорнод аймгийн зорилтот бүлгийн 3000 гаруй иргэн, эмэгтэйчүүд, төрийн албан хаагчдын ЦАХИМ УР ЧАДВАРыг нэмэгдүүлэх, цахим хөгжлийг дэмжих хууль эрх зүйн мэдлэг олгох, цахим орчны аюулгүй байдлын тухай ойлголтыг сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулсан. Мөн Хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр дамжуулан тусгай хэрэгцээт иргэд, малчид, ахмад настан зэрэг 5000 орчим иргэнд төрийн цахим үйлчилгээг малчны хотонд нь, гэрт нь хүргэж, хүртээмжийг сайжрууллаа.

Түүнчлэн, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг болон Цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймгуудад хэрэгжүүлж болохуйц сайн жишгийг тогтоосон юм. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулж, гар утасны үйлчилгээний стандарт үйл ажиллагааны журам, хяналтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр институтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна. Орон нутгийн сургуулиудыг цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн төв болгон хөгжүүлсэн.

Мөн сурагч, эцэг эхчүүдэд төрийн цахим үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх 70 гаруй сургагч багшийг бэлтгэн, Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМА)-г байгуулсан. Үүний үр дүнд 10,000 гаруй иргэний дижитал бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээс гадна хяналтын системийг ашиглан сургуулиудын интернэт холболтын найдвартай байдлыг сайжруулжээ. Оролцогч талууд цаашдаа хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам тэлж, сайн туршлагуудыг орон даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө нөөц бололцоог дайчлан, хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилтот хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.
