Sun Logo
ХОЁР ОРНЫ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАМТАРСАН “ЗАМ-2025” СУРГАЛТ, ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ХОЁР ОРНЫ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАМТАРСАН “ЗАМ-2025” СУРГАЛТ, ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

     Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам” сургалт, дадлага 11 жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө. “Зам-2025” хамтарсан сургалт, дадлагын хаалтын арга хэмжээнд Монгол Улсын талаас ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын орлогч Кондо Казумаса, Япон Улсын Өөрийгөө хамгаалах Хуурай замын цэргийн командлалын Инженерийн сургуулийн захирал хошууч генерал Энрин Хиденобу тэргүүтэй албаныхан оролцсон юм. 

    “Зам-2025” хамтарсан сургалт энэ жил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд I шатны онолын сургалт нь Япон Улсад 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд, II шатны дадлагын сургалт нь Монгол Улсад 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ийнхүү амжилттай зохион байгуулагдсан юм. 

     Энэ үеэр талууд “Зам” сургалт, дадлага 2014 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оныг хүртэл III шатны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 530 гаруй авто зам, гүүр хоолой, хэмжилтийн инженер техникийн алба хаагчдыг бэлтгэн, ур чадварыг нэмэгдүүлж, өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож байгаа нь “Зам” хамтарсан сургалтын бодит үр дүн болж байгааг онцлон тэмдэглэв. Энэ жилийн “Зам” сургалт, дадлагын хувьд IV шатны шинэ хөтөлбөр хэрэгжиж “НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах” сэдвээр зохион байгуулагдсанаараа онцлог юм. 

    ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар энэ үеэр “Зам” сургалт, дадлага нь Монгол, Япон хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлж, тогтвортой хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн нэг гэдгийг дурдаж, хоёр улсын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” сургалтыг жил бүр зохион байгуулж явуулахад идэвх зүтгэл гаргаж байгаа Япон Улсын Засгийн газар болон Батлан хамгаалах яам, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний холбогдох бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ. 

     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал Зам-2025” сургалт, дадлага Монгол, Япон цэргийн инженерүүдийн хүч чадал, мэдлэг ур чадварыг сорьж, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулагдсаныг онцлон тэмдэглэж, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хүндэт зочдод дурсгалын зүйл гардуулав. Арга хэмжээний төгсгөлд хүндэт зочдод Монгол Улсын өв соёл, түүх уламжлалыг харуулсан “Бэсрэг наадам”-ыг толилуулсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3810
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР