
✅Чөлөөт бүсийн Захирагч Цагааннур чөлөөт бүсэд үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж барих, хөрөнгө оруулалт хийхээр төсөл санаачлагч аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын тоо тогтмол өсөж байгаа тухай мөн үүнтэй холбогдуулан эдгээр төслийг хугацаанд нь эхлүүлж, бодит хэрэгжилтийг хангах, мөн шинээр хөрөнгө оруулалт татахын тулд чөлөөт бүсийн үйл ажиллагааг үе шаттай идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай байгааг Аймгийн Засаг даргад танилцуулж, орон нутгийн удирдлагын бодит дэмжлэг зайлшгүй хэрэгтэйг онцоллоо.
✅Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Аймаг, орон нутгийн удирдлагуудтай байгуулсан гэрээнд чөлөөт бүсүүдийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын нарийвчилсан зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чөлөөт бүсүүдийг оролцуулах талаар заасан.
✅Орон нутгийн дэмжлэг нь дэд бүтэц, тээвэр-логистик, үйлчилгээний сүлжээ, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нээлттэй, ил тод болгох, мөн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах нь эдийн засгийн өгөөж өндөртэй, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бодит боломж юм.
✅Аймгийн Засаг дарга Е.Зангар Цагааннуур чөлөөт бүсийн хөгжлийг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчин гэж үзэн бодлогоор дэмжиж, аймгийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан мега төсөлд чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлого баримталж буйгаа илэрхийлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Даянгийн боомтыг Цэнгэл, Улаанхус сумын маршрутаар Цагааннуур боомттой авто замаар холбох ажил хэрэгжиж байгаа нь боомтыг дахин сэргээх, байнгын ажиллагаатай болгох, улмаар Монгол-Хятад-Орос гурван улсын ачаа тээврийн коридорыг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтойг дурдаж энэхүү авто зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурч, ачаа эргэлтийн хэмжээ өсөх, логистикийн үйлчилгээний зах зээл тэлэх бодит боломж бүрдэхээс гадна бүс нутгийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг эрчимжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэдийг онцоллоо.
✅Даянгийн боомт нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт байрлах Монгол-Хятад хоёр улсын хил дамнасан боомт бөгөөд 1992 онд ашиглалтад орж, тухайн үед цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Харин 2010 оноос хойш дэд бүтэц, зам харилцаа, логистикийн сүлжээ хангалтгүй байдал, хоёр талын уялдаа холбоо сул байснаас үйл ажиллагаа доголдож, идэвхгүй болсон. БНХУ-ын талаас Даянгийн боомттой холбогдох Хуншаньзюй боомт нь авто замын дэд бүтэцтэй холбогдсон тул Монголын талаас дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулснаар боомтыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзэж байна.
✅Даянгийн боомт идэвхтэй ажиллагаанд орсноор БНХАУ, ОХУ болон бусад улсын хөрөнгө оруулагчид Цагааннуур чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл, агуулах, логистик, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх, улмаар чөлөөт бүсийн эдийн засгийн өгөөж бодитоор өсөх нөхцөл бүрдэнэ. Иймд хөрөнгө оруулалтын итгэлцлийг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор орон нутгийн зүгээс дэд бүтэц, зөвшөөрлийн үйл явц, бодлогын уялдааг бодитой дэмжих шаардлагатайг онцоллоо.
✅Мөн дөрвөн улирлын аялал жуулчлалын чиглэлээр хөтөлбөр боловсруулж байгалийн нөөцийг хамгаалж ашиглах зарчимд нийцсэн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтойг мөн дурдлаа. Уг төслийг Цагааннуур чөлөөт бүсийн аялал жуулчлал, үйлчилгээ, логистикийн сүлжээнд уялдуулан хөгжүүлснээр бүс нутгийн аялал жуулчлалын урсгал нэмэгдэж, цогц үйлчилгээ бүхий эдийн засгийн шинэ зангилаа бүрдэх боломжтой юм.
✅Мөн аймгийн удирдах албан тушаалтаны шуурхай хурал болон гадаад харилцаа, хамтын ажиллагаанд Цагааннуур чөлөөт бүсийн төлөөллийг оролцуулж байхаар боллоо. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудлыг тухай бүр танилцуулж, шуурхай шийдвэрлэх, бодлогын уялдааг хангах, аймгийн түвшинд шийдвэр гаргалтын үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



