Sun Logo
Цагааннуур тосгоны захирагч болон Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын захирагч нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.
Цагааннуур тосгоны захирагч болон Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын захирагч нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

✅Цагааннуур чөлөөт бүс нь Монгол Улсын баруун бүсийн хил орчмын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой бүс бөгөөд үйлдвэрлэл, худалдаа, агуулах, логистик, аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа төвлөрөхөөр төлөвлөгдсөн. Чөлөөт бүсийг хөгжүүлснээр орон нутагт тогтвортой ажлын байр шинээр бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжих, иргэдийн орлого нэмэгдэх, улмаар орон нутгийн төсөвт төвлөрөх орлого өсөх бодит нөхцөл бүрдэх юм. Иймд Цагааннуур тосгон болон чөлөөт бүсийг салангид бус, харилцан уялдаа бүхий, бие биеэ дэмжсэн байдлаар хөгжүүлэх шаардлагатай талаар талууд санал солилцов. 

 

✅Мөн тосгоны ерөнхий төлөвлөгөөг чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ялангуяа чөлөөт бүсэд ажиллах ажилтнуудын суурьшлын бүс, орон сууц, түр байрлах орчин, түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээний хүртээмж, авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтцийг цогцоор нь төлөвлөх нь ирээдүйн ачаалал, давхардлыг бууруулах ач холбогдолтой. 

 

✅Чөлөөт бүсэд идэвхтэй үйл ажиллагаа эхэлснээр төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт нэмэгдэх тул тосгоны хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын тоо, мэргэжлийн бүтэц, ур чадвар, ажил эрхлэлтийн өнөөгийн байдлыг нарийвчлан судлах шаардлагатай байна. Өмнөх оны байдлаар Цагааннуур тосгон нь 356 өрх, 1,788 хүн амтай бөгөөд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр 110 иргэн ажилгүйдлийн бүртгэлтэй байна. Ажиллах хүчний судалгаанд үндэслэн чөлөөт бүсэд эрэлттэй мэргэжлүүдээр тосгоны иргэдийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран богино болон дунд хугацааны сургалтад хамруулах бүрэн боломжтой. Тухайлбал барилгын туслах ажилтан, гагнуурчин, цахилгаанчин, логистик, агуулахын ажилтан, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператор зэрэг мэргэжлээр сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд ажлын байраар хангах боломжтой гэж үзэж байна. 

 

✅Түүнчлэн чөлөөт бүсийн хөгжил нь тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй салшгүй уялдаа холбоотой тул Орон нутгийн хөгжлийн сан болон бусад төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтарсан санхүүжилт, дэмжлэгийг үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ. Ялангуяа ажиллах хүчний сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн дэд бүтцийн жижиг төслүүд, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь бодит үр дүнтэй юм. 

 

✅Мөн Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын үйл ажиллагааны хүрээнд объектын хамгаалалт, шалган нэвтрүүлэх цэг, харуул хамгаалалт, хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг шалгах үйл ажиллагааг зохицуулдаг. Цаашид чөлөөт бүсийн шалган нэвтрүүлэх үйл явцыг бүрэн цахим системээр нэвтрүүлэх шаардлагатайг дэд хурандаа А.Кадирбек танилцууллаа. Худалдаа, үйлчилгээний идэвхжил нэмэгдсэн үед цахимжуулалтын үр дүнд орох, гарах хөдөлгөөнийг хянах, үйлчилгээг түргэсгэх, зөвшөөрөл бүртгэх нэгдсэн мэдээллийн сан үүсч, хуульд нийцсэн зохицуулалт хийх боломж бүрдэнэ. 

 

✅Түүнчлэн талууд чөлөөт бүсийн аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх ажиллагааг сайжруулах, инженер техникийн хэрэгслийг ашиглах, техник, байгууламжийг шинэчлэх, засварлах шаардлагатай арга хэмжээг хамтран авах талаар ярилцлаа. Ингэснээр чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтвортой, ил тод, хяналттай болж, улсын болон орон нутгийн зохицуулалтын шаардлагыг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ.

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1064
Сүүлийн 7 хоног:
4568
Сүүлийн сар:
23275
Нийт:
48374
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР