
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн нэг “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр баруун бүсэд 3 аймагт төлөвлөсний нэг нь Өмнөговь суманд хэрэгжихээр болсныг иргэддээ дуулгахад таатай байна. Тус нарны цахилгаан станцыг барих төсөлд нийт 100 га газар шаардлагатай тул газрын координат, солбилцлын цэгийг сонгохоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын хороо болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн хамтарсан баг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр суманд хүрэлцэн ирж сумын удирдлагууд, байгаль орчин, газрын мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн зорилго, ач холбогдлыг танилцуулж, нарны цахилгаан станц барих 100 га газрыг манай сумын нутагт байрлах ББЭХ-ний систем ХХК-ний харьяа Под станцтай ойрхон сумын их хогийн цэгийн зарим хэсгийг хамааруулан сонгож координатыг тогтоолоо. Уг төсөл нь ногоон хөгжлийг дэмжих учраас нарны цахилгаан станцыг суурилуулах, цаашид хэвийн ажиллуулах нөхцөлөө хангахын тулд их хогийг цэвэрлэх ажлыг хариуцаж хийх бөгөөд үүгээрээ сумын тулгамдсан нэг томоохон асуудлыг шийдэж буйгаараа давуу талтай юм.
Манай суманд 15 МВт/60 МВт.цаг батарей хуримтлуур бүхий 20 МВт нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр 110 кВ-ын Өмнөговь агаарын шугамын ачаалал, чадлын алдагдлыг бууруулахаас гадна хүчдэлийн түвшинг нэгдсэн сүлжээний заасан утгад барих боломж бий болох аж. Түүнчлэн хэрэглэгчдийг аливаа тасралт, саатлын үед нар болон батарей хуримтлуурын хосолсон станцаас хэрэглэгчийн үндсэн хэрэглээг хангаж, Төвийн эрчим хүчний системээс тусдаа ажиллах техникийн боломж бүрдэхийн сацуу төсөл амжилттай хэрэгжсэнээр Увс аймаг нүүрстөрөгчийн ялгаралгүй ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж, жилд дунджаар 28 мянган тонн нүүрс, 280 мянган тонн ус хэмнэх төдийгүй орон нутгийн иргэд байнгын 20-30, түр 100-120 ажлын байраар хангагдах ач холбогдолтой юм байна.


