Sun Logo
Цагдаагийн ахмад Д.ГАНХУЯГ: ДҮРЭМ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ БАТАЛГАА
Цагдаагийн ахмад Д.ГАНХУЯГ: ДҮРЭМ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ БАТАЛГАА

Дэслэгч А.БИЛЭГТ

Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 600 гаруй хүний амь нас эрсэдсэн гэсэн харамсалтай тоон үзүүлэлтийг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Энэ тоог бууруулах хамгийн энгийн бөгөөд чухал алхам бол дүрэм. Замын хөдөлгөөний дүрмийг сануулах гэж Цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлалт аяныг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд “Уусан бол бүү жолоод” аяныг өрнүүлж буй бөгөөд энэ талаар болон бусад мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.

-Монгол Улсад хэдэн онд механикжсан тээврийн хэрэгсэл нэвтэрч, холбогдох хууль тогтоомжууд хэрэгжиж эхэлсэн юм бол?

-Богд хаант Монгол Улсын үед Богдын зөвшөөрлөөр манай улсын нутаг дэвсгэрээр авто ралли олон улсын уралдааны оролцогчид дамжин өнгөрсөн байдаг. Тухайн үед морин тэрэгний жимээс өөр зам байхгүй тул маш их осол гарсан гэж түүхэнд тэмдэглэглэн үлдэж л дээ. Харин монголын хамгийн анхны автомашины осол 1921 оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн байдаг. Тухайн үед монголд хоёрхон автомашин байсан бөгөөд нэг нь Богд Хааных нөгөө нь Цэцэг Шагдар гэдэг хүнийх байсан гэдэг. Хот, хөдөө уушийн газар эрхэлдэг Улаан Гэлэг гэдэг хүн хувийн машинаа Цэцэг Шагдар гэдэг хүнд худалдаж, тэр нь Богд хааны автомашиныг мөргөснөөр анхны осол болсон түүхтэй. Үүнээс шалтгаалж автомашины тусгай дүрэм байх ёстой хэмээн үзэж 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын анхны замын хөдөлгөөний дүрэм батлагджээ. Энэ дүрэм нь “Гал, ус хийгээд уурын хүчээр явагч тэрэгний хөдөлгөөнийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хязгаарын дотор хэрхэн хэрэглэх тухай түр дүрэм” хэмээн их урт нэртэй, маш богино заалттай дүрэм байсан юм. Жишээ нь, “Архич хүнийг хөсөг тэрэгний жолооч үл болгомой, дөрвөн замын уулзвар дээр дөрвөн автомашин зэрэг ойртон ирвээс дөрвөн жолооч зэрэг бууж уулзан сайтар хэлэлцэн, тохиролцсоны эцэст нэвтрэн одвол зохимой” гэх мэт. Ингэж манай улс анхны замын хөдөлгөөний дүрэмтэй болсон байдаг. Өнгөрсөн онд “Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсэний 100 жилийн ой” тохиосон. Дүрэм гэдэг бидний амьдралын хамгийн чухал баталгаа байдаг. Учир нь бид дүрмээс хамааралгүй амьдрах боломжгүй нийгэмд амьдарч байна шүү дээ. Барилгаас гараад явган зорчигчийн эрх, үүрэг, автомашинд суугаад зорчигчийг үүрэг, тээврийн хэрэгсэл жолоодох үед жолоочийн үүрэг гээд алхам тутамдаа замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх шаардлага тулгардаг. Мөн хүн гэлтгүй мал амьтад хүртэл замын хөдөлгөөнд оролцож байна. Жишээлбэл, өнгөрсөн онд Хэнтий аймгаас Сүхбаатар аймгийн чиглэлд хурдан удмын морь ачиж явсан тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж морины хөл хугарснаас үүдэн 23 сая төгрөг нэхэмжилсэн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс үзэхэд дүрэм, журам мөрдөөгүйгээс болж хүний амь наснаас эхлээд санхүүгийн маш том хохирол учруулах эрсдэлтэй болох нь харагдана.

-Улсын хэмжээнд гарч буй ослуудаас зам тээврийн осол тэргүүлэх таван ослын нэгт тооцогддог гэдэг. Энэ төрлийн ослын хор уршгийн талаар тайлбарлахгүй юу?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 630 гаруй хүний амь эрсэддэг гэсэн судалгаа бий. Энэ нь Халхын голын дайнд амь үрэгдсэн дайчдаас гурав дахин их гэсэн үг. Энэ тоо жил бүр тогтмол 600-гаас дээш гарч байгаа нь хамгийн харамсалтай үзүүлэлт. Үүний шалтгаан нь нөгөө л дүрэм сахиагүйгээс болж байгаа юм. Зам тээврийн ослын 80 орчим хувь нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой байдаг. Энэ нь ихэвчлэн орон нутгийн замд гарч байна. -Манайхны ихэнх нь орж ирсэн автомашинтай, мөн дээрээс нь чанарын шаардлага хангаагүй зам дээр хурд хэтрүүлж явдаг нь зам тээврийн ослын гол шалтгаан болдог гэж та түрүүн хэлж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдээс орон нутгийн замд тээврийн хэрэгслийн дээд хурдыг 100 км/цаг болгох санал хүсэлт маш их ирдэг. Дүрмэндээ 80км/цаг гэж заасан байдаг. Энэ нь осол болоход хүний амь насыг аврах хамгийн дээд хурд гэдгийг шинжлэх ухаанаар баталчихсан. 100 км/цагийн хурдтай зорчихыг зөвшөөрөх юм бол нас баралтын тоо жилд 250 орчмоор нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Замын тухайд Монгол Улс дөрөвдүгээр зэрэглэлийн, 6.5-8 метрийн өргөнтэй, нүх болон хагаралттай маш муу замтайд тооцогддог. Түүнээс гадна өвлийн улиралд энэ зам дээр цасан бүрхүүл тогтдог нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байдаг. Ийм зам дээр гадаадаас импортоор орж ирсэн буюу хэрэглээний хугацаа дууссан тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно гэдэг нь маш том эрсдэл. Тиймээс бид хамгийн муу тээврийн хэрэгслээр хамгийн муу зам дээр өндөр хурдтай зорчиж болохгүй гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй.

-Тээврийн цагдаагийн албанаас энэ онд “Уусан бол бүү жолоод” аян өрнүүлж, хяналт шалгалтын ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Аяны тухай ярихгүй юу?

-Жил бүр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын дунд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчлийг арилгах зорилгоор “Уусан бол бүү жолоод” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилладаг. Өнгөрсөн онд энэ ажлын үр дүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34,603 зөрчил илрүүлж хариуцлага тооцсон. Үүнээс жолоодох эрхийн хугацаагаа хасуулсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400, эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2800 зөрчил багтаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх, эрх хасах, хорих ял эдлүүлэх зохицуулалттай болж байгаа. Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулахаар шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, согтуугийн зэрэг хэмждэг орчин үеийн багажийг шинэчлэн нэвтрүүлсэн. Энэхүү төхөөрөмж дээр тухайн иргэний регистрийн дугаарыг оруулж, царай таниулсны дараа үлээлгэдэг. Өмнө нь энэ багажийн технологийн хөгжил дутмаг байснаас болж өөр хүний нэр хэлж, бусдын эрхийг хасуулах гэсэн оролдлого цөөнгүй гардаг байсан. Шинэ төрлийн драгер багаж нэвтэрснээр дээрх төрлийн зөрчил үйлдэх боломжгүй болсон гэсэн үг.

Мөн замын хөдөлгөөний торгуулийг аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулж өгсөн. Тухайлбал, торгуулснаас хойш 15 хоногийн хугацаанд торгуулиа төлбөл 50 хувиар хөнгөлөгдөнө. Харин 16 дах хоногоос эхлэн сар бүр 10 хувь тооцож таван сарын дараа гэхэд 50 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь, та 50 мянган төгрөгөөр торгуулсан тохиолдолд тэр дор нь төлбөл 25 мянга, төлөхгүй яваад байвал сарын дараа гэхэд 75 мянган төгрөг төлөх шаардлагатай болох юм. Мөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 33 дугаар зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах” гэдэг зохицуулалт бий. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага “102 Police” аппликейшнийг нэвтрүүлсэн. Энэ аппликейшнээр зогсох зогсоолын журам зөрчсөн буюу гарц тагласан болон явган хүний зам дээр байрлуулж тавьсан тээврийн хэрэгслүүдийг иргэд өөрсдөө зурган хэлбэрээр баримтжуулж илгээснээр цагдаагийн байгууллагаас тухайн жолооч нарт хариуцлага тооцох зохицуулалттай болсон.

-Цагдаагийн байгууллагаас хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг нэвтрүүлж, 2026 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа нь эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллага 2024 онд нийслэлийн 176 гэрлэн дохиотой уулзвар, явган хүний гэрлэн дохиотой гарц дээр хиймэл оюун ухаанд суурилсан 2606 камер байрлуулж, хяналтын системийг бүрэн ажиллагаанд оруулсан. Тухайн камерууд нь 10 төрлийн зөрчлийг илрүүлж, жолоочид хариуцлага тооцох зохицуулалттай. Гэхдээ эдгээр камер нь торгуулийг автоматаар тухайн жолооч руу явуулна гэсэн үг биш. Зөвхөн зөрчлийг хиймэл оюун ухааны түвшинд баримтжуулж тухайн зөрчил дээр цагдаагийн алба хаагчид хянаж шалгасны үндсэн дээр зөрчил үйлдсэн эсэхийг нь шалгаж тогтоон хариуцлага тооцох зохицуулалттай байдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та ямар шалтгаантайгаар уулзвар дээр гэрлэн дохио зөрчсөнийг 10-30 камерын тусламжтайгаар илрүүлж, зөрчил гаргах болсон шалтгааныг манай алба хаагчид тогтооно гэсэн үг.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
814
Сүүлийн 7 хоног:
4355
Сүүлийн сар:
15918
Нийт:
60458
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР