Sun Logo
Хотын соёл хот төлөвлөлтөөс эхтэй
Хотын соёл хот төлөвлөлтөөс эхтэй

XVIII зуунаас эрчимтэй хөгжсөн аж үйлдвэржүүлэлттэй уялдан сүүлийн хэдэн зуун жилд хаа сайгүй хотжиж, хүмүүс орлого өсөхийнхөө хэрээр илүү том хот, байшинд суухыг хүн төрөлхтөн зорьж эхэлжээ. XIX зуунд аж үйлдвэрийн хотууд онцгой ялгардаг байсан бол XX зууныг хотжилтын зуун гэхэд буруудахгүй. Улмаар 1900 онд дэлхийн хүн амын 13% нь хотод амьдардаг байсан бол зууны төгсгөлд 47%, зарим орнуудад 90%-аас давсан тоон дүн бий. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нүүдлийн соёлтой монголчуудын хувьд суурин иргэншлийн үндсэн хэлбэр болох хотын соёл-хотжилтыг нэвтрүүлээд нэгэн зууны түүхийг бичжээ. Чингэж дэлхийн бусад хотуудын адил хөгжин цэцэглэж, дэлхийн алдартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, цахим орчинг өргөнөөр ашиглаж, хотын хүн амын төвлөрөл ба хотын хөгжлийн бодлогоороо “дэлхийн метрополис хот”-уудын ангилалд оржээ. Түүхийн баримтаас үзвэл, хотын соёлоо хөгжүүлж, хот төлөвлөлтийг эрчимтэй явуулах ажил нь уламжлал шинэчлэлийн үндсэн дээр зохион байгуулагдаж иржээ. Иймээс энэ удаа Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй хотын соёл, түүхэнд холбогдох хоёр баримтыг уншигч Танаа танилцуулж байна.

Баримт №-1 

Хөрвүүлэг нь: “Монгол Улсын арван долдугаар он есөн сарын арван есний өдөр Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн хуралдсан нэг зуун жаран тавдугаар хурлын тогтоол 1 МУҮТА, ТБА, Х-1, Д-2, ХН-258, Х.172 Нэгдүгээр зүйл. Эдийн засгийн зөвлөлөөс. Тусгай томилогдсон комиссын түшмэд Лувсанцэрэнгээс. Арван зургадугаар оны аливаа орлого, зарлагыг мөнхүү газраас томилсон Ёндонгийн хамт байцаан тодорхойлсон энд бичиг үйлдэж, тогтоон шийтгүүлэхийг эрж ирсэн учрыг гаргаж энэхүү хотын захиргааны газрын орлого зарлага ба данс харааны төлөв нь нийлэлцэх мэт боловч гагцхүү уг орлогын арван найман төгрөг гучин таван мөнгө илүү болсон нь харьяат эрхлэгчдийн осол ташаарлаас ийнхүү будилиантуулсан нь болох тул шууд сангийн орлого болгож, үүнээс хойш элдэв хэрэгт эрхгүй тус тусдаа санаа болгоомжлон будлиан осолдолгүйгээр нарийн тодорхой болгох явдлыг улмаар сайжруулан идэвхийлэн оролдуулах ба бусдыг хамт бичгийн ёсоор явуулваас зохих болов уу хэмээн уг бичгийн нэгийг хүргүүлэн явуулваас зохих болов уу хэмээн хамт бичиг нэгийг хүргүүлэн тогтоон шийтгэхийг эрж, гурван зуун жаран дөрвөн тоот хуудас хүргэж ирсэн хэргийг хэлэлцээд, эл хэрэгт Эдийн засгийн зөвлөлийн ийнхүү хянан төлөвлөсөн нь зүй болох тул ёсоор болгон харьяат зөвлөлд хойш явуулж гүйцэтгүүлэхээр тогтов. “ гэжээ.                   

                                 Ерөнхий сайд                   Цэрэндорж                 

                                 Жинхэнэ орлогч сайд      чөлөө /чөлөөтэй/                                                                                                   

                                 Гишүүн ...                 

                                 Нарийн бичгийн дарга   Балжинням” гэжээ

Баримт №-2

                                                                                                                   

Хөрвүүлэг нь: “Монгол Улсын арван долдугаар он есөн арван есний өдөр Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн хуралдсан нэг зуун жаран тавдугаар хурлын тогтоол [2] 2. МУҮТА, ТБА, Х-1, Д-2, ХН-403, Х.193 Тав. Дотоод яамнаас. Улаанбаатар хотын захиргаанаас. Тус хотын байгуулалтыг эмхэтгэх тухай төлөвлөсөн төлөвлөгөө, төлөв зүйтэй бөгөөд гагцхүү гадаадын харьяат хүмүүсийн хашааг дотоодын жинхэнэ харьяат нарын хашааны ерөнхий тогтмол дугаарт оруулах хэмээсэн нь хэрэв тэдний этгээд тогтворгүй буцаж явах аваас уул дугаар эвдэгдэн нийтийн дугаар будлиантай болох болзошгүй тул гадаадын харьяат нарын хашааг тусгай бүртгэн явуулваас зохих болов уу хэмээн тогтоолгохоор 705 тоот бичгээр ирсэн хэргийг хэлэлцээд эл байгуулалтын төлөвлөгөөг Эдийн засгийн зөвлөлд шилжүүлэн түүгээр нийт захиргаа, байгуулалтыг шинэчлэн эмхэтгэх бодлого төлөвлөгөөнд нийлүүлэн хянаж зааварлан гүйцэтгэхээр тогтов.                 

                                   Ерөнхий сайд Жигжиджав                 

                                   Жинхэнэ орлогч сайд ...                 

                                   Эрхлэх товчооны гишүүн Дорж                 

                                   Нарийн бичгийн дарга Цэрэндорж” гэжээ.    

Эдгээр хоёр баримтаас үзвэл, 1924 онд Бүгд Найрамдах засаг тогтсоны дараагаар Засгийн газраас хотын соёлын асуудалд ихээхэн хариуцлагатай хандахыг чухалчилж байсныг харуулж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР