
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэж хөгжсөний 98 жил, Орон нутагт архивын салбар байгуулагдсаны 68 жил, “Архивын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж эхэлсний 30 жилийн ой өнөөдөр /2025.12.05/ тохиож байна. Ойн өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Архивын хэлтсээс архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулсан сургалт зөвлөгөөнийг зохион байгуулав. Уг арга хэмжээ нь архивын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бичиг хэргийн ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлт хариуцан ажилладаг 300 гаруй ажилтан бий. Тэдний төлөөлөл болсон 80 гаруй албан хаагч өнөөдрийн сургалтад оролцлоо. Сургалтаар: Архивын салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа Үндэсний бичгийн цахим бичвэр буюу компьютерт монгол бичгээр бичих Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, БҮАНЖ-ын шинэ журмын танилцуулга хийх зэрэг сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч, практик зөвлөгөө хүргэв. Сургалтад оролцогчид архивын үйл ажиллагааг сайжруулах, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, туршлага олж авсан нь сургалтын гол үр дүн байлаа. Мөн энэ үеэр архивын ажилтнууд харилцан туршлага солилцож, тулгамдсан асуудлуудаа ярилцан шийдлийн талаар санал бодлоо хуваалцсан нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.




