Sun Logo
Орон нутагт бүс нутийн хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх анхны төвийг Орхон аймагт нээлээ
2025-09-09
Орон нутагт  бүс нутийн хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх анхны төвийг Орхон аймагт нээлээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлэг Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжиж, хойд бүсийн хавдрын эмчилгээ, оношилгооны дэд төв болон үйл ажиллагаагаа өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Орон нутагт бүс нутийн хэмжээнд хавдрын үеийн тусламж үйлчилгээг үзүүлэх анхны дэд төвийг байгуулж буй нь энэ юм. 

 

Хойд бүсийн тулгуур төв Орхон аймагт хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг байгуулснаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 10-16 хүртэлх хувиар буурах тооцоолол бий. Засгийн газрын III шатлалын эмнэлгүүдийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд гаргасан томоохон шийдвэр нь ийн бодитоор хэрэгжиж эхэллээ. 

 

Орхон аймаг орон нутагтаа хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөлтөө 10 жилийн өмнөөс зурж, үе шаттайгаар хийж байна. 

 

Анх 40 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зохион байгуулалттайгаар байгуулагдсан Бүсийн Оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/ өдгөө бүс нутгийн хэмжээнд 200 гаруй мянган хүн амд үйлчилж байна.

 

 Тэр ч утгаараа БОЭТ 2014 онд хавдрын хими эмчилгээ, 2018 онд 15 ортой хавдар хөнгөвчлөх тасаг, 2023 онд хавдрын бай эмчилгээ, 2025 онд дотооддоо тасаг нэгжийн зохион байгуулалт хийн хавдрын нэгж байгуулсан нь өнөөгийн хэрэгцээ шаардлагаа мэдэрсэн бодлого байв. Орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-д Хавдрын оношилгоо эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төвийг байгуулан, үйл ажиллагааг нь өнгөрсөн наймдугаар сараас жигдрүүлээд байна.

 

 Уг төв нь хавдар судлалын төрөлжсөн мэргэжлийн оношилгоо, эд, эсийн шинжилгээнээс эхлээд нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэлзүйн болон хоол зүйн зөвлөгөө зэрэг 12 төрлийн хавдрын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн харьяа “Эрдэнэт медикал” дэд төв, БОЭТ-д хавдрын нэгжийг байгуулснаар орон нутаг, бүс нутаг, хил залгаа ойролцоох аймгийн иргэд хавдрын үеийн тусламж үйчилгээг гэрээсээ эсвэл гэртээ хамгийн ойр газраас хүлээгдэлгүй авах боломжтой болж байна. 

 

Үүний ард урт хугацааны хүлээгдэлгүй эмчилгээ үйлчилгээгээ авах, өрх гэрийн санхүүгийн хүндрэлийг бууруулах, үүнээс үүдэлтэй сэтгэл зүйн дарамтгүй байх гэх мэт олон талын эерэг нөлөө бий. Орхон, Булган, Хөвсгөл аймаг 308 мянган хүн амтай. Жилдээ 900 орчим хүн хорт хавдраар оношлогдож, 500 орчим нас баралт бүртгэгддэг. Энэ нь улсын хэмжээнд хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буй үзүүлэлт юм. 2022 оноос эрчимжсэн эрт илрүүлгийн үр дүнд Орхон аймгийн 69 мянган иргэн буюу нийт хүн амын 65,9 хувь нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан нь улсдаа тэргүүлж буй үзүүлэлт юм. 

 

Эрт илрүүлгээр 46 хавдрын тохиолдол оношлогдсоны 55,3 хувь нь эрт үед илрүүлсэн хавдар байв. 

 

Үүний ходоод, улаан хоолойн хавдрын 14 тохиолдлыг орон нутагтаа салст хуулах мэс заслаар эмчлэн эрүүлжүүлсэн. 

 

Аймаг орон нутгаас бодлогоор хүний нөөцөө бэлтгэж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар шаардлагатай тоног төхөөрөмжөр хангагдсаны үр дүнд хэд хэдэн төрлийн шинэ эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа нутагшуулаад байна. Тэдгээрийн нэг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлэн 10 гаруй иргэнд элэг тайрах мэс заслыг орон нутагтаа амжилттай хийсэн. 

 

Энэ мэт орон нутагтаа үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, өргөжүүлснээр иргэдийн өвчлөлөөс үүдэлтэй санхүүгийн дарамтыг тодорхой хувиар бууруулахын зэрэгцээ гуравдугаар шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулахад бодитоор нөлөөлж байна. 

 

“Эрдэнэт медикаль” дэд төв 2030 он хүртэлх хавдрын үеийн тусламж үйлчилгээний төлөвлөлтөө хийжээ. 2026 онд 18 кабинетаар амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж, хими, бай, дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бол 2027 онд элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, цээжний хөндийн мэс засал, робот мэс зэсэл, зайн оношилгоог нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

 

2029 оноос туяа эмчилгээний аппаратыг суурилуулж, 2030 оноос эмчилгээг эхлүүлнэ. 

 

Үндсэндээ 2030 он гэхэд Хавдар судлал үндэсний төвтэй дүйцэхүйц тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон байх зорилтыг дэвшүүлээд буй.

 

 Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 ортой, өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийнэ. Амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай эмнэлэг юм. Түүнчлэн “Эрдэнэт медикал”-ийн дэргэд 98 ортой эмнэлгийн зураг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бэлэн болгожээ. Үүн дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар нээлтэд оролцох үеэрээ илэрхийлсэн. 

 

ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагаас 185 орныг хамруулан хийсэн судалгааны дүнгээр Монгол Улс хорт хавдрын өвчлөлийн түвшингөөр 45-д, нас баралтын түвшингөөр 1-т бичигджээ. 2045 он гэхэд Монгол Улс хорт хавдрын 15 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, хорт хавдрын шалтгаант нас баралт 12,200 болж өсөн нэмэгдэнэ гэх тооцооллыг гаргасан энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас хавдрын эсрэг гаргасан томоохон шийдвэр нь энэ байв. 

 

Засгийн газрын шийдвэрээр улсын харьяа, орон нутгийн бодлого шийдвэрээр БОЭТ-ийн дэргэд хавдрын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний төв байгуулагдсанаар хавдрын үеийн тусламж, үйлчилгээг орон нутгийн иргэд орон нутагтаа авах боломж бүрдсэнд иргэд баяртай байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
46
Сүүлийн 7 хоног:
219
Сүүлийн сар:
671
Нийт:
3737
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР