
Хилийн цэргийн 0257 дугаар анги
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
БНМАУ-ЫН БААТАР Л.ДАВААДОРЖИЙН НЭРЭМЖИТ
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0257 ДУГААР АНГИ
Хилийн цэргийн 257 дугаар ангийн түүх нь Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны (тэр үеийн нэрээр) сайдын 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 450 дугаар тушаалаар Увсын хилийн төлөөлөгчийн аппарат, Сэлэнгийн хилийн төлөөлөгчийн харьяанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр суманд хилийн пост байгуулсанаар эхэлдэг.
Улмаар 1983 онд тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооноос Хөвсгөлийн хэсэгт хилийн анги байгуулах тухай 40 дүгээр албан даалгавар, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1983 оны 106 дугаар тушаалаар Хөвсгөлийн хилийн хэсэгт хилийн төлөөлөгчийн аппарат байгуулахаар шийдвэрлэж, 1984 онд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо Хилийн цэргийн 0257 дугаар ангийг байгуулжээ.
Тус ангийг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралын 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар тогтоолоор БНМАУ-ын (Монгол Улсын) баатар Л.Даваадоржийн нэрэмжит болгосон.
Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган Тариалан зэрэг хилийн 10 сум оршдог.
Хариуцсан хэсэг нь газарзүйн байршлын хувьд ой тайгын бүсэд хамаардаг бөгөөд 30.5 хувь нь туулхад хүндрэлтэй хэсэг, 40.6 хувь нь хүрэхэд хүндрэлтэй хэсэг буюу далайн түвшингээс дээш 1600-4000 метр өндөрт өргөгдсөн өндөр уулын сарьдгууд, хавцал байц, өндөр уул даваанууд, уулын түргэн урсгалт гол мөрөн, шавар намаг, 920 гаруй гол горхи, булаг шанд, рашаан ус, нуур, тойром бүхий газар орон эзэлдэг
Халх, хотгойд, урианхай, буриад, дархад, соёд урианхай (цаатан иргэд) зэрэг зургаан ястны өлгий Хөвсгөл аймагт Монгол түмний бахархал болсон Хөвсгөл нуур, Дэлгэрхаан уул, Тагнын нуруу, Соёны нуруу зэрэг гайхамшигт үзэсгэлэнт олон өндөр уул нурууд, өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт цогцолборууд, түүхийн дурсгалт газрууд, эрт үеэс уламжлагдаж ирсэн соёлын биет болон бус өв тээгчид, уламжлалт амьдралын өвөрмөц хэв маягийг хадгалж үлдсэн ард түмэн оршдог юм.
Хөвсгөлийн цэнхэр хязгаарт Монгол орны хамгийн хойд захын цэг “Монгол шарын даваа” орших бөгөөд энэхүү даваан дээр хилийн 350 дугаар тэмдэг байрладаг.
Эх орныхоо хоймор нутгийн хилийг сахин хамгаалж байгаа тус ангийн хилчдийн дундаас төрөн гарсан Олон улсын мэдээлэлжүүлтийн академийн хүндэт гишүүн, хил судлалын ухааны доктор, бэлтгэл хурандаа Гэлгээгийн Дагважамц, хил судлалын ухааны доктор, дэд хурандаа Мягмарын Баярсайхан, Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”, бэлтгэл дэд хурандаа Гэндэнсүрэнгийн Сүхбаатар, бөхийн чөлөөт, самбо барилдааны спортын мастер, Монгол Улсын начин Бавуудоржийн Баянмөнх, Монгол Улсын начин Бадамсамбуугийн Ганхуяг, жүдо бөхийн спортын мастер, аймгийн арслан Жасрайн Жамьянсэнгэ, гардан тулааны спортын мастер, аймгийн харцага Нямдоржийн Наранпүрэв нарын олон алдартнууд бидний бахархал юм.
Монгол улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар анги нь үүсэн байгуулагдсан цаг үеэс эхлэн эх орныхоо дархан хилийг хамгаалах, улсын хилийн аюулгүй байдлыг сахин хангах үйлсэд бодитой хувь нэмэр оруулж, эгнээнээсээ олон шилдэг хилчид, алдар цолтнууд, тэргүүний алба хаагчдыг төрүүлэн гаргасан билээ.
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0257 ДУГААР АНГИ
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү