Sun Logo
“ЭВ ЭЕ”

“ЭВ ЭЕ” 

Хурандаа Г.ЧИНЗОРИГ

Халх голын ай сав газарт хүйтний эрч чангарчээ. Саяхан явж өнгөрсөн машины мөрийг нуух мэт явган шуурга шуурч замын ховилыг цасаар дүүргэнэ. Тэртээх дайны түүхийг өгүүлэх “Ялалт” хөшөө тэнгэрт хөшиглөх үүлсийг шүргэх нь сүрлэг. Хөшөөнд дүрслэгдсэн монгол бүсгүй их замыг тосон “Та аян замдаа сайн явж ирэв үү?” гэх шиг инээмсэглэн угтсан бол эсрэг талд нь дүрслэгдсэн монгол, оросын дайчид одоо ч хамтдаа тулалдахад бэлэн гэх мэт зоримог, шийдэмгийгээр эх орны хил рүү хараа сунгана. Халх голыг зорьсон шалтгаан бол монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан мэдээллийн “Зариг.мн” сайтын бэлтгэж буй “Эв эе” нэвтрүүлгийн зураг авалтыг хийх байв.

Бид Хилийн цэргийн 0198 дугаар ангид байрлаж, ангийн удирдлагуудтай зураг авалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, төлөвлөгөө гаргалаа. Тус нэвтрүүлгийн зочноор Улаанбаатар хот, Хэнтий аймгаас тус ангид алба хааж буй хилчин байлдагч Б.Даваажаргал, О.Түвшинбат нарыг сонгож, тэдэнд хэлэлгүйгээр ар гэрийнхнийг нь авч очсон юм. Тиймээс хэзээ хаана ямар байдлаар бяцхан дүү, аав, ээж, өвөөтэй нь уулзуулж гэнэтийн бэлэг барих талаараа ярилцав. Ингээд төлөвлөгөө гарч, маргаашийн зураг авалтынхаа бэлтгэлийг ханган амарцгаалаа. Үүрээр машины дулаан хэмжигч -40 хэмийг зааж, Халх голын жавар хацар алгадах хүйтэнд бид Хилийн цэргийн 0190 дүгээр салбарыг зорив.

Тус салбарт өдгөөгөөс 49 жилийн өмнө “Суварган цэнхэр уулс” киноны зураг авалтыг хийж байсныг нэвтрүүлгийн багийнхан сонсоод ихэд бэлгэшээв. Үүр цайхаас эхлээд үд хэвийх хүртэл зураг авалт төлөвлөгөөний дагуу явагдлаа. Ингээд хилийн манааны үүрэг гүйцэтгэлтийн талаар зураг авахаар Хулд уулыг зорив. Тэнд мэдээж нэвтрүүлгийн гол зочин байлдагч Б.Даваажаргал, О.Түвшинбат нар үүрэг гүйцэтгэж байгаа. Ингээд сэтгүүлч бүсгүй тэдэнтэй уулзаж, цэрэгт ирэхээсээ өмнө юу хийж байсан болон ар гэрийнхнийх нь тухай асууна.

Ярианы явцад байлдагч Б.Даваажаргалын сэтгэл хөдөлсөн үү нэг шүлэг уншчих уу? гээд …

... Зүүдний минь унага хулжихаас өмнө

Зүрхний минь цэцэг гандахаас өмнө

Хайрын хураар үрээ тэтгээч аав аа

Халуун үгээр хүүгээ шагнаач эцэг минь ... хэмээн хоолой занируулан уншихуйд найруулагч одоо гэж дохио өгснөөр бидэнтэй хамт очсон түүний бяцхан дүү Азаа, аав, өвөө нар нь машинаас бууж ирлээ. Залуухан байлдагч хэсэг балмагдан зогсож байснаа аавдаа, өвөөдөө золгон үнсүүлэв. Байлдагч Б.Даваажаргалын өвөө Ж.Дүүрэнгэрэл “Өвөө нь одоогоос яг 50 жилийн өмнө агаарын довтолгооноос хамгаалах цэрэгт агаарын хил манаж байсан бол өнөөдөр миний ач хүү газрын хил манаж байна. Удам судраараа эх орноо хамгаална гэдэг бол их хувь заяа” хэмээн нулимс дуслуулав. Хамт явсан бид ч тэдний яриаг сонсон тийм гэхийн аргагүй аз жаргалтай уулзаж буйд бас хэсэгтээ баясав. Харин хэдэн хоромын дараа түүний найман настай дүү Азаа гэнэт тэр баяслыг цочоон хэнгэнэтэл уйлж биднийг цийлэгнүүлээд авлаа. Хөөрхий минь ахыгаа бэтгэртлээ их санаж дээ. Энэ зуур нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилсээр…

Хилийн манаанд хамт явсан байлдагч О.Түвшинбат алгуурхан ухрах нь зураг авалтын талбайгаас зугтах мэт. Түүний харц ээж минь, аав минь аль машинаас бууж ирэх бол гэсэн шиг тэнд зогсох машинуудыг ээлжлэн харна. Гэхдээ найруулагч өөр шийдвэр гаргасан билээ. Ингээд манааны бүрэлдэхүүн үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэхээр болж, бид ч эх орны торгон эмжээрийн чимэг болсон хилийнхээ баганад хүндэтгэл үзүүлэн ёслох нь ёслоод, залбирах нь залбираад хилийн салбарын зүг буцлаа.

Өвлийн богинохон өдөр дуусаж, нар унахын хэрд хилийн манаа ирж зургийн баг тэднийг тосохоор гарав. Мэдээж манай хэд байлдагч О.Түвшинбатыг тэнд онцлов. Сэтгүүлч бүсгүй “За уучлаарай, эгч нь манаанд хоёулаа явдаг гэж ёстой бодоогүй юм аа, хэрэв мэдсэн бол танай аав, ээжийг аваад ирэхгүй юу, гэхдээ хоёулаа аав, ээжид чинь гоё мэндчилгээ дэвшүүлье” гэсээр угтлаа. Хэдийгээр дотроо гунигтай байгаа ч түүнийгээ ил гаргахгүй гэж хичээж байгаа нь байлдагчийн нүд, нүүрний хувирлаас илт. Тэднийг цэргийн байрны үүдэнд ирэхэд найруулагчийн дохиогоор байлдагч Түвшинбатын аав Одсүрэн нутгийн нэгэн сайхан дууг дуулж эхлэв. Аавынхаа хоолойг сонссон залуу эргэлзэлгүй сэтгүүлчийг орхин алхсанаа гэнэт биш байвал яана гэсэн шиг итгэж ядан зогтусав. Харин сэтгүүлч “зөв зөв, аав нь” гэсэн шиг харснаар тэр яаран алхаж салбарын соёл амралтын тасалгаанд орж, аавтайгаа ээжтэйгээ учран золголоо. Энэ гайхамшигтай мөчийг харж сэтгэлдээ буулгаж авсан би хүртэл тэртээд байгаа буурал аавдаа, сайхан ижийдээ очоод үнсүүлмээр санагдав. Бүгдэд тэгж санагдсан байх.

Нэвтрүүлгийн зураг үргэлжлэн, цаг хугацаа ч харавсан сум мэт өнгөрч бид буцахаар болов. Нэвтрүүлгийн баг гурван зүйлд туйлын сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Мэдээж нэгдүгээрт зураг авалт төлөвлөгөөний дагуу явагдсанд, хоёрдугаарт хилийн цэргийн салбар гэх буйдхан энэ хотхонд амьдарч байгаа энэ хүмүүс алс хязгаар, хол хүйтэн гэж бодолгүй ямар тайван, юутай аз жаргалтай, бас тохилог тав тухтай амьдарч байгаад, гуравдугаарт халуун хүйтнийг үл ажран эх орон, ард түмнийхээ амар амгалангийн манаанд сэтгэл хоёрдолгүй зүтгэж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа бахархал дүүрэн хэлэв. Бас өөрсдөө ч хөөрхөн омогшоод авлаа. Ингээд бид Хилийн цэргийн 0198 дугаар анги руу буцлаа. Биднийг ирэхэд тус ангийн авьяаслаг уран бүтээлчид соёлын төвдөө угтав. Тоглолт дуусахад зураг авалтын багийнхан тал талаас “Энэ хүмүүс энэ сумын уран бүтээлчид үү? Урлагийн сургууль төгссөн хүмүүсийг ажилд авсан уу? гэх мэт асуултаар булав. Мэдээж тэдний бодож байгаа шиг биш гэдгийг уншигч та мэдэж байгаа.

Өглөө эрт гарах төлөвлөгөөтэй байсан ч шөнийн хүйтэнд нэг машин маань хөлдсөн учир түүнийг асаах ажилтай боллоо. Энэхүү боломж, цагийг ашиглан тус ангийн албаны өрөө тасалгаануудтай танилцаж, гурван одонт байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, дайнд оролцсон баатарлаг үйл явдлыг хуучлан явсаар “Нөмрөг” кофе шопд тухлан саатав. Энэ кофе шоп үнэхээр тухтай, тохилог орчинтой. Бас “Жүр үр” компанитай гэрээ байгуулснаар өдөр бүр шинэ жигнэмэг ирдэг юм байна. Зураг авалтын багийнхан “Яг Улаанбаатарт байгаа юм шиг ямар гоё орчин бэ” гэсээр хэсэг зуур тухлан кофе ууж, тус ангийн амжилт бүтээл, хилчдийн гайхамшигт албаны талаар хөөрөлдөв. Халх голын хилчид ирэх жил болох ангийнхаа түүхт 90 жилийн ойд эртнээс бэлтгэлээ хангаж байгаа гэдэг нь нүдэн дээр тодорхой.

Бидний тус ангид ажиллах томилолтын хугацаа дууссан тул Дорнод аймгийн төв рүү хөдөллөө. Зам зуур Мэнэнгийн уудам талд байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангиар дайран өнгөрөв. Гэхдээ энэ буйдхан хотхоны уурын зуух манай зураг авалтын багийн анхаарлыг татан түр саатав. Тус анги 2024 оноос хойш хийн халаалтын системд шилжин бүх байр, обьектуудын халаалтыг шийдэж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөн, ажиллаж амьдрах ая тухтай орчин бүрдсэн гэх мэт олон давуу тал байгааг бидэнд тайлбарлаж өгөв. Цаг оройтож байсан тул бид яаравчлан хөдөлж, Хилийн цэргийн 0132 дугаар ангид ирж амарлаа.

Дорнод нутагт хамгийн түрүүнд нар манддаг гэдэг. Өчигдрийнхийг бодвол гадаа тогтуун бас дулаахан байлаа. Бид өглөөний цайгаа уусны дараа тус ангитай танилцахаар ярилцаж, эхлээд цэргийн байраар зочлов. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой залуус, дулаахан тохилог цэргийн байр биднийг угтлаа. Дартс, модон барилдааны дэвжээ, ширээний теннис, И-спортын танхим гээд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх маш олон зүйл тэнд байна. Саяхан ангийн хэмжээнд гар дээр суниалт болон гэдэс таталтын аварга шалгаруулах тэмцээнийг хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохин байгуулж, байлдагч Э.Цэргийнхүү 1521 удаа суниан тэргүүлсэн гэх бахдам амжилт биднийг гайхшруулж, түүнтэй ярилцан хэсэг саатав. Ингээд бүсийн эрүүл мэндийн төв, соёлын төв, бялдаржуулах танхим, штаб гээд бүхий л газруудаар явж сонирхлоо. Хэд хоног хамт явсан сэтгүүлч бүсгүй энэ бүхнийг үзэж явахдаа “Хилчид гэж их өвөрмөц, даруухан, яг л нэг гэр бүл шиг хүмүүс юм. Энэ нэвтрүүлгээрээ дамжуулан хилчдийн жаргал зовлон, түүхэн уламжлал, соёл, албаны онцлогийг яаж харуулна даа” хэмээн эмээнгүй, бас бахархан ярьж, бодолд автан явлаа.

Тийм ээ, бид ийм л хүмүүс. Хилчин хүн бүрийн судсаар эх орны төлөө гэх “ногоон цус” гүйж байдаг. Хилчин хүн бүрт бие биенээ гэсэн агуу хайр халамж, түшиг тулгуур, сэтгэл байдаг. Хилчин хүн бүрт өөрийн амьдарч буй хил хамгаалах байгууллага гэх энэ айлын нэр төрийг хамгаалах, нэр хүндээ өндөрт өргөх ёстой гэсэн ухамсар байдаг. Сэтгүүлч бүсгүйн дээрх үг энэ бүхнийг бататгах мэт сонсогдохуйд түүнтэй уулзсан цагаасаа эхлэн хилчдийн албаны онцлогийг хэрхэн ойлгуулах вэ, юунаас эхлэх вэ гэсэн бодол зөв цэгтээ хүрсэн мэт санагдаж, сэтгэл тэнийв. Монгол хүн бүрт, хилчин бүрт “Эв эе”-ийг хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
816
Сүүлийн 7 хоног:
4357
Сүүлийн сар:
15920
Нийт:
60460
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР