
Сургалт, үйл ажиллагааны чанар, хүүхдийн хөгжлийн ахиц үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны чанарыг сайжруулах, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвшүүлэх зорилго бүхий сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар 2025 оны 04 дүгээр сарын 28-аас 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” А/115 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх журам”-ын дагуу гүйцэтгэлийн үнэлгээ хийгдэж байна. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” А/115 тоот тушаалын 2.2-т журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, 2.3 хэсэгт журмыг байгууллагын албан хаагч, багш бүрд танилцуулах, багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх үйл ажиллагааг холбогдох журмын дагуу чанартай зохион байгуулж ажиллах удирдамжийн дагуу Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Р.Ундрахбаяр, н.Алтантуяа нар Боловсролын газрын мэргэжилтнүүдийн хамт цэцэрлэгүүд дээр урьдчилсан байдлаар ажиллаж үнэлгээ хийхтэй холбоотой заавар, зөвлөмж өглөө. Орхон аймгийн хэмжээнд тухайн хамт олны саналаар нэр дэвшигдсэн багш, арга зүйч, эцэг эхчүүдийг эрхлэгчийн тушаалаар томилон хариуцлагын баталгаа гаргуулан ажиллууллаа. Төрийн өмчийн цэцэрлэгүүд дээр ажлын 31 хэсэг гарч, 286 багш, арга зүйч, эцэг эхийн төлөөлөл ажиллаж байна.