Sun Logo
“ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА”
“ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА”

Монголын татварын албаны "Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн-2025" Улаанбаатар хотноо 2025 оны 03 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөний үйл ажиллагаанд Сангийн сайдын зөвлөх Ц.Мөнхбаяр, ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн болон ТЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн удирдах ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнийг нээж ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн хэлсэн үгэндээ “2025 онд Монголын татварын алба татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” болох гол зорилт тавьсан. Бид Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг, санал хүсэлтийг өргөн цар хүрээтэйгээр улс орон даяар зохион байгуулан ажиллалаа. Ирэх 4 дүгээр сард Улсын их хуралд өргөн барина. Мөн 2025-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Олон улсын валютын сангийн зөвлөмж, Олон улсын үнэлгээний байгууллага “ТАДАТ”-ын үнэлгээнээс өгсөн зөвлөмж, Татварын болон бусад хууль тогтоомжид үндэслэн боловсрууллаа. Байгууллагын алсын хараа бол 15-20 жилийн дараа, магадгүй түүнээс удаан хугацаанд хүрэхээр зорьсон түвшин байдаг. Тиймээс бид ирээдүйд “Олон улсын жишиг татварын алба байх” зорилго тавьж Монголын татварын албаны алсын хараагаа шинэчлэн баталсан” гэдгийг энэ үеэр онцоллоо. Сургалт, зөвлөгөөнд: • ЭЗХАХБ-ийн BEPS ахлах зөвлөх Томас Балко “Татварын ил тод байдал, улс бүрээр тайлан солилцох хэлэлцээр”; • Могул группийн технологи хариуцсан захирал Б.Цээсүрэн (Програм хангамжийн инженерийн мэргэжлийн доктор) “АI-ийн шинэ мэдлэг, мэдээлэл, хандлага”; • ЖҮХАА-ны хэлтсийн дарга О.Буянаа “Жендэр сийл хөтөлбөр, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”; • АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Одончимэг “АТҮТ-өөс тээврийн хэрэгслийн бүртгэл”; • БОУАӨЯ-ны Усны газрын ахлах мэргэжилтэн Л.Хишигдулам “БОУАӨЯам тэмдэгтийн хураамж болон усны газар дүгнэлт гаргах”; • ТЕГ-ын Татварын удирдлага олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун “Сегментийн стратеги хэрэгжүүлэхэд анхаарах асуудал бүсийн хөгжлийн ялгаатай татварын бодлого, татварын хуулийн шинэчлэл”; • Татвар төлөгчид үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэх “Татвар төлөгчийн бүртгэл, тайлан хүлээн авалт, татвар төлөгчид зөвлөн туслах үйл ажиллагааны талаар”; • Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа”; • Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг “Татварын хяналт шалгалтын цаашдын чиг хандлага”; • Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Алтанхуяг ‘Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэглээ”; • Татвар хураалт, удирдлага арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл, татварын өр барагдуулалт”; • Хуулийн хэрэгжилтийг хангах газрын ДҮТОГ Ц.Тогосмаа “Татварын хэрэг маргаан гарахад нөлөөлж буй хүчин зүйл, анхаарах асуудал” сэдвүүдээр илтгэл тавьсан. Монголын татварын алба 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг 94.6 хувьтай амжилттай дүгнүүлж, 2025-2028 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, харьяа нэгжид чиглэл өгч, удирдлага арга зүйгээр хангана. Өөрөөр хэлбэл татварын албаны хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг болох “Татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл, салбарын ангилал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллана гэсэн үг юм. Мөн МонголGPT-д суурилсан хиймэл оюун ухаан чатпотыг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр татвар төлөгчид орон зай, цаг хугацаанаас үл хамаарч 24/7 цагаар зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү чатпот нь татвар төлөгчид татварын хууль, журам, тайлагнал зэрэг олон асуудлаар энгийн ойлгомжтой хэлбэрээр хурдан, үнэн зөв хариулт өгч төрийн, татварын үйлчилгээг илүү хүртээмжтэй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Сургалт, зөвлөгөөн энэ сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд зөвлөгөөнд 58 удирдах албан тушаалтан оролцож байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР