
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДМЫГ НЭЭЖ АЙМГИЙН ЗАСАГ Б.АЗЖАРГАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Эрхэм хүндэт Наадамчид аа,
Эрхэм хүндэт Дарханчууд аа
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө
Олон түмний сэтгэл тэнийсэн
Дэлгэр сайхан зун цаг айлчлан ирж
Төрт ёсны цэнгэлийн манлай, Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын баталгаа, Монгол түмний үндэсний дархлаа болсон-Үндэсний их баяр наадам Дархан хотод ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Буурал түүхтэй Бурхантын хөндийд бууриа зассан, Найрамдлаар овоглосон Дархан хотдоо баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн Дархан хотын шавыг тавьж бүтээн босгосон азай буурал ахмадууд-хөдөлмөр бүтээлээ өрнүүлэн яваа идэр залуучууд-ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа болон нийт Дарханчууддаа Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын Хувьсгалын 104 жил, Дархан хотын түүхт 64 жилийн ойн баярын мэндийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Дархан хот маань Давхарын өртөөг түшиглэн 64 жилийн тэртээ сууриа тавьсан залуу хот боловч өнөөдөр Монголын улсын нийгэм, эдийн засгийн 2 дахь төв, УБ төвлөрлийг сааруулах, “ХҮн амьдрахад хамгийн таатай хот” болох хэтийн зорилттой, аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 95 оноогоор өнөө жил 4 дахь удаагаа 3 дугаарт эрэмбэлэгдэж хамгийн их үзүүлэлт ахисан аймагт зүй ёсоор орж байна. Ялангуяа бизнесийн орчин, санхүү, эдийн засгийн салбаруудаар нэгдүгээрт, хүн амын амьжиргааны түвшин, үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтцээрээ 2 дугаарт, хүний хөгжлийн индексээрэ 3 дугаарт эрэмбэлэгдэж байгааг онцлох нь зүйтэй юм. Хүн бүрийн сэтгэл Дарханаа гэсэн бодол, Хаа ч явсан Дарханых гэсэн омогшил өнөөдрийн та бидний Бахархал юм..
Өнгөрсөн онд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болж, шинээр бүрэлдсэн ИТХ нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна.
Бид өнгөрсөн 4 жилд Дархан-Уул аймагт оршин суугчдын амьдрах орчин, хүүхэд залуучуудын боловсролын нөхцөлийг сайжруулах, сургууль, цэцэрлэг, спорт цогцолборуудыг шинээр байгуулах, гэр хороолол болон орон сууцны хорооллын гэрэл, гэрэлтүүлгийг шинээр суурилуулах, авто зам, дугуйн зам, явган хүний замын өргөтгөл шинэчлэлийг хийж хэрэгжүүлэх, дэд бүтцийн чадавхийг нэмэгдүүлэх цогц бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж нийт 615.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1329 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадсан бол ирэх 4 жилийг Хүн төвтэй тэр дундаа Хүүхдийн хөгжлийг дэмжсэн, хүүхдийн сурч боловсрох орчинг сайжруулсан, Хүүхдийн эрхийг хамгаалсан үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна аа.
Энэ бүх зорилтын суурийг бэлтгэж Дархан хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон хотынхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэн, иргэдийнхээ нэгдмэл эрх ашгийн төлөө шийдвэр гаргах түвшинд сэтгэл, оюунаа зориулан ажиллаж буй аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Дархан-Уул аймгаас сонгогдсон Монгол Улсын Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд та бүхэндээ нийт Дарханчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дархан хотын ирээдүй хойч болсон хүүхэд залуучууд улс эх орон, тив дэлхийд амжилт бүтээлээрээ тэргүүлссэр байгаа бөгөөд тухайлбал Од сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амармэнд Европын физикийн IX олимпиадад амжилттай оролцон Монгол Улсын түүхэн дэх анхны “Мөнгөн медаль” хүртсэн бол 2024-2025 оны хичээлийн жилд 1476 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс 49 сурагч 800 онооны болзол хангаснаас Оюуны-Ирээдүй сургуулийн сурагч Г.Анхбаяр, Монгол-Оюу сургуулийн сурагч Ж.Оргил нар тус бүр 6 хичээл дээр элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс 3 хичээл дээр 800 оноо, 3 хичээл дээр 700-аас дээш оноо авсан үнэмлэхүй амжилтыг үзүүллээ. Мөн англи хэлний шалгуур үзүүлэлтээр сүүлийн 3 жил улсдаа тэргүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсдаа 3 дугаарт оржээ.
Түүнчлэн Хүүхдийн спортын 8-р Их наадамд Дарханы өсвөрийн шигшээ баг тамирчид амжилттай оролцож 15 спортын ганцаарчилсан төрөлд 27 алт, 12 мөнгө, 30 хүрэл, багийн спортоор гар бөмбөг болон хоккейн төрлөөр хүрэл медалийн болзол хангаж нийт дүнгээрээ 21 аймаг 9 дүүргээс 2-р байранд шалгарч "МӨНГӨН МЕДАЛЬ" хүртсэн бол 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн Дөл цогцолбор тэмжээнд Дарханы Шонхорууд баг түүхэндээ анх удаагаа тэргүүн байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.
Мөн Дархан хотын БТСХ-ны дасгалжуулагч Балжиннямын унаган шавь нараас К.Ёолк Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Г.Доржсүрэн Самбо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль, А.Сумъяа хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Түүнчлэн Дархан хотын залуучуудын үүсгэл санаачлагаар багийн спортын мэргэжлийн төвшинд Дархан хотын нэрийн өмнөөс “Дархан Юнайтед” сагсан бөмбөгийн баг, “Дархан Могул” воллейболын баг, Шарын гол- хоккейн баг тамирчид маань амжилт арвин оролцож буйг цохон тэмдэглэхэд таатай байна аа.
Өнгөрсөн түүхийн 60 жилийн хугацаанд төрөлх хотын хөдөлмөрч зон олноос маань 17 хөдөлмөрийн баатар, 99 гавьяат, 9 төрийн соёрхолт төрөн гарснаас өнгөрсөн жилийн хугацаанд:
“Соёлын гавьяат зүтгэлтэн” Ренчингийн Батжаргал, “Урлагийн гавьяат зүтгэлтэн” Мижиддоржийн Цогт, “Гавьяат багш” Лувсандагвын Сувданчимэг, тэргүүтэй 10 гавьяат төрөн гарсан бол Баяр наадмын босгон дээр “Хүний гавьяат эмч” Цэрэндондовын Дэмидвандан, “Гавьяат агрономич” Дамирангийн Чойжилсүрэн, “Гавьяат уурхайчин” Нацагдоржийн Сундуйжав, “Гавьяат тээвэрчин” Лхамын Балдан, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” Базарсадын Батром, Сүрэнхүүгийн Эрдэнэ-Очир, "Үйлчилгээний гавьяат ажилтан" Дамирангийн Оюун зэрэг гавьяатууд шинээр төрөн гарсанд наадамчин олныхоо өмнөөс халуун баяр хүргэе.
Нар хур нь тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд
Нарлаг Монголын Найрамдлын Дархан хотдоо
Наадамчин олон та бүхэн маань дэлгэр сайхан наадаарай
Зон олон та бүхний минь дэмжсэн бөх нь түрүүлж, сойсон морьд нь хурдалж, харвасан сум нь мэргэн байг ээ.
Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх соёл, эх хэл, ёс уламжлалаа нандигнан бахархсан Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдье.