
Архивын ерөнхиий газар нь Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургууль хамтран “БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө” архивын баримтын эмхэтгэлийн цувралыг хэвлэн гаргахад хамтран ажиллах ажлын хэсэг 2020 онд байгуулсан билээ. Энэ ажлын үр дүнд 2023 онд МАХН-ын 11 дүгээр их хурлаар хэлэлцсэн анхдугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамж илтгэл, БНМАУ- ын Улс ардын ахуй ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө, МАХН-ын 12 дугаар их хуралд тайлагнасан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлийн төлөвлөгөөнд хамаарах хэсэг гэсэн гурван баримт бичгийг нэгдүгээр ботид оруулан хэвлэн нийтэлсэн.

Энэ удаа 1954 онд хуралдсан МАХН-ын 12 дугаар их хурлаар хэлэлцсэн Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамж илтгэл, МАХН-ын 12 дугаар их хурлаас баталсан Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө, 1958 онд хуралдсан МАХН-ын 13 дугаар их хурлаар хэлэлцсэн тайлан илтгэлийг уг цувралын хоёрдугаар боть болгон “БНМАУ-ын хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд холбогдох архивын баримтын эмхэтгэл (1953-1957 он)” нэртэйгээр хэвлэн нийтэллээ. Эдгээр нь таван жилийн төлөвлөгөөний үндсэн баримт бичиг бөгөөд таван жилийн төлөвлөгөөг нарийвчлан судалснаар БНМАУ-ын нийгэм, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх талаар тухайн үед нам, төрөөс явуулж байсан бодлогыг гүнзгий ойлгох боломжийг олгож, архивын баримтын судалгааны эргэлтэд оруулж байгаа билээ.
Энэ ажлын үр дүн, цаашид ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал нар МУИС-ийн Түүхийн судалгааны төвийн захирал, Түүхийн тэнхимийн багш дэд профессор, доктор П.Дэлгэржаргал, дэд профессор, доктор Н.Алтантөгс нартай 2025 оны 01 сарын 17-ны өдөр уулзаж ярилцлаа.

“БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө” цуврал баримт бичгийн эмхэтгэлийн ерөнхий редактораар МУИС-ийн ШУС-ийн Түүхийн судалгааны төвийн захирал доктор П.Дэлгэржаргал, 2 дугаар ботийн редактораар МУБИС-ийн Түүхийн тэнхимийн профессор Ц.Гантулга нар ажиллаж, тус ботийг МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хариуцсан дэд захирал, доктор Н.Алтантөгс эмхэтгэж, удиртгал бичиж хэвлүүлэв.
Цаашид БНМАУ-ын бүх таван жилийн төлөвлөгөөг хэвлэн гаргаж, БНМАУ-ын удирдагчдын улс төр-эдийн засгийн хүсэл зориг ба нийгэм-эдийн засгийн бодит нөхцөл байдлыг харьцуулан хэмжих бодит боломжийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Таван жилийн төлөвлөгөөний материалыг хэвлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгох нь тухайн үеийн түүхийн судалгаанд төдийгүй нийгэм-улс төр, эдийн засаг, соёлыг судалдаг нийгмийн ухааны бусад салбарын судлаачдад ч тус дэм болно хэмээн найдаж байгаагаа судлаачид онцлов. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эдгээр баримт нь Монголын түүхийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн эхэн үед холбогдох судалгааны эргэлтэд орох шаардлагатай зайлшгүй чухал түүхийн эх сурвалж бөгөөд урд өмнө бүрэн эхээр хэвлэгдэж байгаагүй, анх удаа бүрэн эхээр нь цувралаар хэвлэн нийтлүүлж олон нийтэд толилуулж байгаа бөгөөд цаашид цувралаар 9 боть болон хэвлэгдэнэ.