
Өнөөдөр /2026.02.06/ Улаанбаатар хот дахь гаалийн газраас нийслэлийн Прокурорын газартай хамтран карго, түүвэр ачаа импортолдог иргэн, аж ахуйн нэгжүүдэд аливаа эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, тогтоомжуудыг сурталчлан таниулах зорилгоор уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 🔹Өнгөрсөн онд Улаанбаатар хот дахь гаалийн газарт татвараас зайлсхийсэн 76 зөрчил бүртгэгдсэний 24 буюу 31.6 хувь нь түүвэр ачааны тоо хэмжээг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, худал мэдүүлсэн зөрчил байжээ. Мөн карго, түүвэр ачааг ашиглан улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, химийн хортой болон аюултай бодис, буу, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис төрөл бүрийн эм, эмийн зүйлсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх эрсдэл өндөр байдаг тул илгээгч болон хүлээн авагч талууд анхаарал сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Прокурорын байгууллагаас анхааруулсан байна. 🔹Тодруулбал, нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Энх-Оюун иргэн, ААН-ийн төлөөллүүдэд эрүүгийн болон зөрчлийн хуулийн талаарх товч ойлголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас танилцуулж, “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-г энэ онд шинээр нэвтрүүлж, торгуулийг “E-Mongolia” аппликейшн, эсхүл банкаар дамжуулан төлөх боломжтой болсон талаар мэдээлэл өглөө. 🔹Харин гаалийн байгууллагын хувьд дээрх төрлийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нарийвчилсан шалгалтуудыг рентген тоног төхөөрөмж, эрэлч нохой ашиглан хийж гүйцэтгэж байгаа тул иргэд, ААН-үүд хүлээцтэй, хариуцлагатай хандаж, бараагаа мэдүүлэхдээ үнэн, зөв мэдүүлж, аливаа зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Улаанбаатар хот дахь гаалийн газраас уриаллаа.


