
Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ШУӨЗО-ны боомтын захиргааны алба хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг энэ сарын 10-нд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл сумын Такашикэн боомтод зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус хуралдааны бэлтгэл ажил, хэлэлцэх асуудлын хүрээнд Хилийн боомтын захиргааны газрын дарга Б.Батхишигээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.12.08/ Ховд аймгийн Хилийн боомтын дэд зөвлөлтэй уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны анхдугаар хуралдаанд хэлэлцэх гол асуудлууд, боомтын бүсэд тулгамдаж буй хүндрэл, дэд бүтэц болон үйлчилгээний ачаалалтай холбоотой асуудлаар санал солилцов. Мөн Булган боомтын ачаа тээврийн гарц, хил дамнасан тээвэр, логистикийн урсгалыг сайжруулах чиглэлээр ярилцлаа. Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Хилийн боомтын дэд зөвлөлийн дарга Л.Энхбаяр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй боомтуудын харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, хятад талын боомтын ажиллах цагийг сунгах, хяналт шалгалтын цагийг богиносгох, уул уурхайн бүтээгдэхүүний тонн, түүнийг дагасан замын эвдрэл гэмтлийн асуудал, 8-аас доош суудалтай автомашины нэвтрэх нөхцөлд анхаарах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Ажлын хэсэг орон нутгаас гаргасан нэмэлт санал, шаардлагуудыг нэгтгэн, удахгүй болох хоёр талын анхдугаар хуралдаанд танилцуулахаар боллоо. Энэхүү хуралдаан нь Монгол Улс, БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэдэг дөрвөн боомтын үйл ажиллагааг сайжруулах, нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.




