Sun Logo
Бидний тухай
Тус сумын хүн амын үндсэн хэсэг нь Элжигэн халхууд бөгөөд Элжигэн овог нь Хамаг Монголын ханлигийн Дарлигин хэмээх хэсэгт нь хамрагдаж байгаад Чингис хааны анхны 13 хүрээний (хүрээлэн бууж, хамтдаа нүүгч овог) нэг болж байжээ. Улмаар Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн хоёрдугаар хүү Ноёнтой хатанбаатарт Бэсүд ба Элжигэн нарыг өгч захируулжээ. ХҮIII зууны төгсгөл хүртэл Халхын баруун гарын Дайчин хатанбаатарын отог гэгдэж явав. Бадма дайчин хатанбаатарын үед Бэсүдээс салж бие даасан отог болов. Манжийн хожуу үед Засагт хан аймгийн Ачит вангийн хошуу гэж нэрлэгдэж байгаад, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж, тухайн үеийн өөрчлөн байгуулалтаас хамаарч нэрээ өөрчилж байжээ. Энэхүү Элжигэн нарын хошуу анхандаа нэг хошуу байгаад хожим хоёр хуваагджээ. Эдгээр нь тухайн үед засаглаж байсан Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваацэрэн нарын цол хэргэмээс хамаарч Ачит вангийн хошуу, Зоригт вангийн хошуу гэгдэх болжээ. Эдгээр ноёд Манжаас тусгаарлах үед Улиастай, Ховдыг захирсан анхны монгол сайд нар болжээ. Зоригт вангийн хошуу нь гол хошуу Ачит вангийн нутаг дотор багтсан харьцангуй жижиг хошуу байсан тул одоогийн Зүүнхангай сумын нутгийн баруун төв хэсгийг л хамарч байв Зоригт-Ван Наваанцэрэнгийн хошуу зүүн баруун 2 багтай 190-ээд өрхтэй, 670 гаруй хүн амтай, 11500 орчим толгой малтай жижигхэн хошуу байжээ. Зоригт-Ван Наваанцэрэнгийн захирч байсан хошууг Засаг ба Засаг биш Ван гүнгүүдийн эрх хэмжээний тухай дүрэм гарснаар 1924 онд татан буулгаж оронд нь Хан-Хөхий уулын хошууны “Бадрах” сумыг байгуулж “Хан тайшир” уулын аймгийн ХанХөхийн хошууны “Бадрах сумын захирах захиргаа” гэсэн тамга ирүүлж сумын даргаар ард Жигдсүрэнг сонгож сум гэдэг төрийн нэгж буй болгосон байна. Тэр үеийн сум, хүн ам, мал хөрөнгө, газар нутаг бага олон нэгж байсан учир 1929 онд Баясгалан, Сонгино, Бадрах 3 сумыг нэгтгэж Зүүнхангай сумыг байгуулж даргаар нь Цэдэн-ишийг сонгож 10 багтай том сум болсон. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Зүүнхангай сум болж Увс аймагт шилжсэн байна. 1992 оны шинэ Үндсэн хуулиар Засаг захиргааны нэгжид өөрчлөлт орж Сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж хуулинд өөрчлөлт орсон байна. Одоо 265,8 мян/га газар нутагтай. Даланбулаг, Баянгол, Жаргалант, Хайрхан гэсэн 4 багтай сум болон өөрчлөгдсөн байна. Зүүнхангай сум нь Хан Хөхийн нурууны зүүн төгсгөлд байрладаг. Баруун талаараа Өндөрхангай сум, хойд талаараа Баруунтуруун сум, зүүн талаараа Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино сумдтай, өмнө талаасаа Завхан аймгийн Сантмаргац сумтай тус тус хил залган оршдог. Улаанбаатар хотоос 1080 км зайд, Увс аймгийн төв Улаангом хотоос 360 км зайд оршдог. 1905 оны газар хөдлөлтийн ул мөр болох Ханхөхий-Булнайн хагарал Зүүнхангай сумын нутгаар дайран өнгөрдөг. Хойд хэсгээрээ ойт уулс, өмнөд хэсгээрээ хээрийн уулсаас тогтох ба уулс хоорондын тал хөндийгөөс бүрдсэн газрын гадаргатай. Хар ус, Нарийн гол, Их гол, Баянгол, Цэцэрлэгийн гол, Цавдан, Согоо, Цагаан зэрэг жижгэвтэр гол нууруудтай. Ойт хээрийн бүсэд оршдог. Зүүнхангай сум нь байгалийн үзэсгэлэнт Согоо нуур, Хан-Хөхий нурууны газрын хагарал, Тост, 5 Цонж, Хүнхийн гивант рашаан ой мод бүхий сүрлэг сайхан байгалиас гадна Дэлхийн өвд бүртгэгдсэн Зураагийн зосон зураг, буган хөшөө, Монголын хамгийн том Хиргисүүр, Нүхэн хадны ус гэх мэт түүх дурсгалын сайхан газруудтай. Мөн үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, аньс, самар, мөөг болон эмийн олон төрлийн ургамал тухайлбал: шархны шар цэцэг, тавван салаа, цээнэ, юмдүүжин, шунхан, сэржмядаг, башиг,алтан гагнуур, царван, азийн төлөгч, эмийн багваахай зэрэг хүн малын эмчилгээний 100 гаруй төрлийн ургамал ургадаг. Буга, согоо, үнэг, чоно, мануул, хярс, шилүүс, дорго, гур, зур хэрэм, тарвага, туулай, зурам, чандага, гахай, хун, галуу, хойлог, тоодог, тогоруу, нугас, ногтруу,ангир гэх мэт ан амьтан жигүүртэн шувууд олон бий.
Холбоо барих
70452100
Увс аймаг Зүүнхангай сум, Жаргалант 3-330 тоот
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
21
Сүүлийн 7 хоног:
191
Сүүлийн сар:
685
Нийт:
1593
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР