
“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас өрнүүлж буй "Байгууллагын соёл, эерэг хандлага" аяны хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, цэвэр цэмцгэр, таатай орчныг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, хариуцлагатай, соёлтой хандлага төлөвшүүлэх, хамт олонч, эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор ”Эх дэлхийн өдөр”-ийг угтан “Эх дэлхийгээ хайрлая” арга хэмжээг өнөөдөр /2025.04.19/ зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран “Байгаль орчны тухай хууль”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан амьтны нөөцийг судлах, хамгаалах чиглэлээр хийж буй онцлох ажлууд”, “Нэн ховор, ховор амьтны тухай” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Мөн Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэн, ачиж тээвэрлэж зориулалтын газарт хаях, дулааны улиралд халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор малын сэг, зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.
Түүнчлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замаар зорчиж буй жолооч нарын биеийн байдлыг үзэж, “Эх дэлхийгээ хайрлая” уриалгын зорилго, ач холбогдлыг танилцуулж, дурсгалын зүйл гардууллаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 04 дүгээр сарын 22-ны өдрийг дэлхий даяар “Эх дэлхийн өдөр” хэмээн тунхаглаж 2009 оноос тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхтэй юм.

























