Sun Logo
ОНЦ ТӨГСӨГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Э.ГАНТУЛГА: УНШСАН БИЛЕТЭЭ АВНА ГЭДЭГ ЧИНЬ Л ОНЦ СУРАХЫН ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ
ОНЦ ТӨГСӨГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Э.ГАНТУЛГА: УНШСАН БИЛЕТЭЭ АВНА ГЭДЭГ ЧИНЬ Л ОНЦ СУРАХЫН ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ

ОНЦ ТӨГСӨГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Э.ГАНТУЛГА: УНШСАН БИЛЕТЭЭ АВНА ГЭДЭГ ЧИНЬ Л ОНЦ СУРАХЫН ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ “Эрдмийн далай” сонин “Онц төгсөгч” булангийнхаа анхны зочноор НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуулийн онц сурлагатан, анхны төгсөгч, цагдаагийн хурандаа Э.Гантулгыг урьж ярилцлаа. -Сонсогч болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье. -Энэ түүх их сонин. Би 1972 онд Багшийн сургуулийг монгол хэл, уран зохиолын багшаар төгсөж, төрсөн нутаг Ховд аймгийн Алтай сумдаа багшилж байлаа. Гэтэл 1973 оны хавар нь цэрэгт татчихсан. Аав минь намайг цэргээс чөлөөлүүлэх хүсэлт сумын Цэрэг татлагын комиссын нарийн бичгийн даргад гаргасан юм. Биднийг УАЗ-66 машинд ачаад явж байтал аав мотоциклтой хүний ард сундалчихсан гараа даллаад дагаад байв. Зогс гээд байна гэж ойлгоод машины кабиныг нүдтэл цуваанд орчихсон машин зогсох шинжгүй. Тэгэхээр нь кабины шилийг араас нь өшиглөтөл хагарчихсан. Аав минь хөөрхий баяртай гээд байсныг нь буруу ойлгочихсон байж таарлаа. Гэтэл Цэрэг татлагын комиссын нарийн бичгийн дарга Говъёон гуай “Энэ хүүхдийг юун чөлөөлөх вэ. Хамгийн түрүүнд цэргийн албанд явуулах ёстой” гээд л би Ховд аймгийн Булган сумын 05 дугаар отрядад цэрэг болсон доо. -Цэрэгт очоод ямар санагдав? -Цэргийн карантин дуусахад биднийг отрядын төв болон заставууддаа хуваарилсан. Тусгай дунд боловсрол эзэмшсэн болохоор намайг отрядын төвд штабын бичээчээр томилов. Тэр үед бичгийн машинаар цохидог байлаа. Би бичгийн машины барааг л харж, ганц нэг товшиж үзэж байснаас сайн ашиглаж мэддэггүй байсан юм. Отрядын бичээч, бага түрүүчээр томилогдчихсон болохоор хэдэн шөнөжин унтахгүй давтсаар овоо бичих дөртэй болсон юм даа. Дараа хавар нь “Москвагийн Голицыны дээд сургуульд манай ангиас байлдагч та явах уу” гээд дарга маань асуув. Тэр үед манай ангийн захирагч Я.Рагчаа гэж янзтай гоё, зураг шиг хурандаа байсан юм. Байгаа байдал нь яг л жанжин баатар шиг. Малгай, хувцас нь зохино гэж жигтэйхэн. Тэр хүнийг хараад биширч түүн шиг цэргийн хурандаа болох сон гэсэн хүсэл төрөөд байсан тул шууд зөвшөөрөв. Тэгээд байлдагч Далантайн хамт Улаанбаатар хотод ирж Москва явах шалгалтад бэлтгэж эхэллээ. Голицыны дээд сургуульд сурахаар явах сонсогч, байлдагчдыг бэлтгэж байсан ротын дарга Шаравшагдар нэг орой “Москвагийн Голицыны дээд сургуульд суралцана гэдэг бол хүний нутагт цэргийн албыг таван жил хаалаа л гэсэн үг. Таван жил оковканд амьдраад төгсөж ирээд хилийн цэргийн офицер болдог юм даа. Та нар тэнд мөн ч сайн нухлагдана даа” гэхийг нь сонсоод л шууд шантарчихсан. Хүний нутагт очоод өвдгөө цоортол мөлхөнө гэхээр л явмааргүй санагдах болов. Тэгж байтал Ховдын отрядын маань штабын дарга Дашням гуай ирчихсэн яваа харагдлаа. Москва явахгүй арга сүвэгчилж Дашням дарга дээр шууд гүйж очоод “Аавын минь бие базаахгүй байна гэнэ. Намайг Москва руу сургуульд явуулах хүсэлгүй байна. Хот хавьцаа сургууль байвал ороод эсвэл цэргийн албандаа хүрээд ир гэнэ” гээд л хэлчихсэн. Тэгтэл намайг Хилийн цэргийн удирдах газар луу дагуулж ороод “Аавынх нь бие тун муу байгаа гэнэ. Дотоодын сургуульд оруулах тал байна уу, бодолцооч” гэж хэлээд гараад явчихсан. Тэгтэл ХЦУГ-ын Дашзэвгэ хурандаа “Гачигдал гарсан бол сургууль сольж болно. Цэргийн тусгай дунд сургуулийн хуулийн анги энэ жил нээгдэж байгаа. Чи орох уу” гэх нь тэр. Хуулийн анги гэж сонсоод л баярлаад явчихлаа. Уухайн тас л зөвшөөрөв. Тэр хурандаа монгол бичгээр “Үнэн” сонины буланд “Хурандаа Я.Рагчаад. Ховдын 05 дугаар ангийн байлдагч Э.Гантулгыг танай сургуульд сонсогчоор оруулахаар явууллаа” гэж бичээд гарын үсгээ зурав. Ингэж л “Үнэн” сонины тасархай барьж ирээд НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуулийн хуулийн ангийн сонсогч болж байлаа даа. -Ховдын хороонд бүтэн жил цэргийн алба хаагаад ирсэн байлдагчид шинэ сонсогчийн карантин “инээдмийн” санагдаж байв уу? -Цэргийн тусгай дунд сургуулийн анхны карантин дуусахад ердөө тав хоног дутуу байхад би сонсогч болоод ирж байлаа. Манай курст Адьяа гэж гайхамшигтай дарга байсан юм. Хурдан морь шинждэг шиг л хүнийг танина. Хуулийн ангийн сонсогчдыг А, Б хоёр хуваахад Адьяа даргын сонгож, шилж авсан А бүлгийн 25 хүүхдээс өнөөдөр таван хурандаа, хоёр генерал төрсөн байна шүү дээ. Булан тойроод гүйж байгаа сонсогчийн шинэльний хормойг хараад л бид нар таниагүй байхад “Хөөе Нэргүй” гээд орилох жишээтэй. Адьяа дарга маань отрядын бичээч, бага түрүүч цолтой ирсэн намайг А бүлгийн тасгийн даргаар томилж байлаа. Би карантинд ирчихээд Амарболд, Ганхүү нарын нөхдийг “Жагсаалд гараа халаасандаа хийлээ” гэдэг шалтгаанаар шийтгэж, халаасанд нь чулуу дүүргэж оёод гүйлгэж байв. Тэрнээс хойш манайхан гараа халаасандаа хийхээ больчихсон. Би цэрэгт хатуу гараар нухлуулж ирчихээд тэрийгээ сонсогч нарт гаргах гэж оролдож байхгүй юу. Анхны халаас оёсон явдлыг манай ангийнхан одоо ч их ярьдаг юм. Хааяа нэг уулзахаараа “Гантулгаа чи яадаг байлаа, одоо чамаас хариугаа авна” гээд л инээлддэг. -Хоёр генерал, таван хурандаа төрүүлсэн анги гэхээр мундгууд цугласан байжээ дээ? -Манай ангийн 25 хүүхдээс 14 нь гойд залуучууд байлаа шүү дээ. ЗХУ-ын хуулийн академийг манай ангиас найман хүүхэд төгссөн гээд бод л доо. Идэвх зүтгэлтэй хүүхдүүд яалт ч үгүй л шалгараад шигшигддэг юм билээ. Манай ангийнхан хоолондоо орж ирээд амрахын оронд хичээлээ хийгээд л суучихна. Амарболд нар бол аравдугаар ангиа онц төгссөн, шилэгдмэл, гарамгай оюунлаг хүүхдүүд байлаа. Би тэднээс хэд ах, бас өмнө нь дээд сургууль төгссөн туршлагатай хэдий ч оюуны хувьд тэднийг гүйцдэггүй байсан. Тэдний эн зэрэгт хүрэхийн тулд мөн ч их зүтгэж, нэг ч удаа давтлага тасалж үзээгүй. -Онц сурахын тулд маш их хичээж байжээ? -Сонсогчоор элсэх эрхийн бичиг болсон “Үнэн” сонины тасархайгаа атгаад Цэргийн тусгай дунд сургуульд иртэл отрядын захирагч Я.Рагчаа хурандаа маань сургуулийн захирал болчихсон угтсан. Маш их баярлаж билээ. Гэтэл маргааш нь жагсаалдаа зогсож байтал Я.Рагчаа хурандаа “Гантулга чи энэ сургуульд орчихов уу. Алив гараад ир” гээд жагсаалын өмнө үнсэж, “Онц төгсөөрэй” гэж захив. Тэр том хүнд жагсаалын өмнө үнсүүлэх мөчид маш их баярлаад уйлж байснаа мартдаггүй. “Би заавал онц төгсөнө дөө” гэж өөртөө амлаж байлаа. Тэгээд л зүтгэсэн дээ. Бумнанжид гэж сийлчихсэн юм шиг гоё бичдэг залуу байлаа. Би Бумнанжидыг найзаа болгоод л салахаа болив. Түүнийг дуурайж бичсээр миний бичгийн хэв хүртэл сайжирсан юм шүү дээ. Хүний сайн нөхөр, загвар болсон хүн бол насан туршдаа анд найздаа үлгэр дуурайлал үзүүлж, зөв нөлөөлдөг юм билээ. Бумнанжидад хичээлээс өөр бодогдох юм үгүй. Амарболд бол бидний хажууд хааяа гарч орно. Гэхдээ Амарболдын толгой бол онцгой, гайхамшигтай. Гадуур явж, нээх давтсан юмгүй хэрнээ шалгалтаа асуудалгүй онц өгчихнө. Харин Бумнанжид, Ганхүү бид нар бол уйгагүй давтана. 35 билетийг бүгдийг нь дугуйлж байгаад уншиж бэлддэг байлаа. Уншсан билетээ авна гэдэг чинь л онц сурахын эхлэл шүү дээ. -Таны онц сурч чадсан нууц бол ердөөсөө давталт л байх нь ээ? -Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, загвар болсон зөв хүнээ олж нөхөрлөх, тэгээд өмнөө тавьсан зорилготой байх хэрэгтэй. Я.Рагчаа хурандаагийн үг намайг “Онц л төгсөнө” гэсэн зорилготой болгосон. Уг нь би дунд сургуулиа, Багшийн сургуулиа дандаа сайн төгссөн юм. Энгийн сургуулиудыг сайн дүнтэй л төгсөж байсан би тэдгээрээс хамаагүй хүнд хэцүү Цэргийн тусгай дунд сургуулийг онц төгсөж чадсан гэдэг бол миний гайхамшигтай нөхдийн нөлөө, уйгагүй давтлагын үр дүн юм даа. Хүний идэвх зүтгэл, хамтын ажиллагаа, нөхөрсөг байдал хүнийг дандаа оюун эрдэмд хөтөлж, дэлбээлж дэлгэрүүлдэг юм билээ. -Сонсогчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байв? -Өглөө бүр 06.00 цагт Адьяа дарга орж ирээд “Бос” команд өгнө. Тэгээд хувцсаа өмсөж, өглөөний дасгалаа хийгээд цайндаа орно. Дараагаар нь танхимын хичээлдээ хамрагдаж, тараад 2 цаг казармдаа амраад дахин танхимд давтлагын цаг эхэлнэ. Давтлага хийх дургүй нэг нь шалтаг тоочоод алга болно. Харин эрдэмд шамдангуй бидний нөхөд давтлагадаа цаг алдахгүй хамрагдаж, хичээж байсан юм. Хичээл зүтгэл бол хүнийг яалт ч үгүй л эрдэм номын хүн болгодог юм билээ. -Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ? -НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуулийн анхны төгсөгчид учраас жанжин Сүхбаатарын талбай дээр бидэнд цол олгож, томилолтын хуваарь уншиж байв. Тэр үед бид нар гэр бүл, сургуулийнхаа жинхэнэ бахархал болж байлаа шүү дээ. Өчигдөрхөн сонсогч байсан бид офицер болж, хариуцлага өндөртэй НАХЯ-ны харьяа Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон юм. Гүйцэтгэх ажил явуулдаг “мундаг амьтад” л томилогдож байв. “Бидэнд ямар том хариуцлага оногдуулж, ямар нандин албанд томилж байна аа” гээд л өөрсдөөрөө бахархана. Би Я.Рагчаа даргынхаа захиасыг биелүүлж онц төгсөөд 12 нөхрийн хамт Хэнтий аймагт томилогдлоо. Хэнтий аймаг руу хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон бид киноноос санаа авч өөрсдөдөө “Элсний 13” гэдэг нэр өгч байлаа. Би аймгийн төвд хүүхдийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн юм. Тэр үед шинэ жилийн баяраар манай аймгийн Цагдаагийн газрын дарга “Залуу офицеруудын хүчинд гэмт хэргийн гаралт энэ жил эрс буурлаа” хэмээн тайлан тавьж байсныг мартдаггүй. Хэнтийд хоёр жил ажиллаад ЦЕГ-ын Эрүүгийн хэлтэст эрэн сурвалжлах төлөөлөгчөөр дэвшин томилогдож байлаа. -Тэгээд удаагүй ЗХУ руу Хуулийн академид суралцахаар явсан байх аа? -Тэнд нэг жил ажиллаад байхдаа ЗХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны Хуулийн академид суралцахаар хамт олноосоо шалгарсан. Тэгээд шалгалт өгөхөөр очтол манай Бумнанжид Увсаас, Батчулуун, Батжаргал нарын нөхөд бас хамт олноосоо шалгараад ирсэн байсан. Амарболд толгой сайтай юм болохоороо жилийн өмнө хуулийн академид сурахаар оччихсон байлаа. Тухайн үед тэргүүний алба хаагчдаа буюу ирээдүйн удирдах албан тушаалтныг Москвагийн ДЯЯ-ны хуулийн академид бэлтгэдэг байсан юм. ДЯЯ-ны Хуулийн академид таван жил сураад ЦЕГ-ын Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах хэлтэст хүн амины хэрэг хариуцсан ахлах ажилтнаар томилогдсон. Тэнд ажиллаж байхдаа нэлээд хүн амины хэрэг илрүүлсэн байдаг юм. Тэр дунд илрэхгүй удсан эзэнгүй хэргүүд ч цөөнгүй байсан. Орон нутагт гарсан ноцтой хэргүүд дээр би очиж ажиллана. Говь-Алтай, Хэнтий гээд явж өгнө. Маш хариуцлагатай ажил байсан даа -Дараагаар нь? -Дараа нь ЦЕГ-ын Шуурхай албаны хэлтсийн даргаар томилогдсон. Өдөр шөнөгүй бэлэн байдалд байдаг бас л том алба. Түүний дараагаар Хан-Уул, Баянзүрх зэрэг гурван дүүргийн Цагдаагийн газрын даргын албыг тус бүр гурван жил гүйцэтгэсэн дээ. Тэгээд 2006 онд Нийслэлийн цагдаагийн газар Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад цэргийн гавьяаны амралтдаа гарсан. -Я.Рагчаа хурандааг хараад мөрөөдөж байсан хурандаа цолоо хэзээ авсан бэ. Танд ямар мэдрэмж төрж байв? -Хурандаа цолыг 2000 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа авч байлаа. Я.Рагчаа захирлынхаа захиасыг биелүүлж онц төгссөн. Одоо бас Я.Рагчаа захирал шигээ хурандаа цолтон боллоо, миний мөрөөдөл биеллээ гээд маш их баярлаж, бахархсан даа. Хурандаа цолтон болно гэдэг маш нандин, гайхамшигтай мөч. -Та төрийн дээд, салбарын болон цагдаагийн байгууллагынхаа одон медалиар бишгүй л шагнуулсан байх. Тэдгээрээсээ онцлоод яривал? -Багануурын наад талын Оросын том дивизэд нэг хүн амины хэрэг гараад байв. Хэргийн сэжигтэн “Өвлийн малгайгаа дугтуйлаад зангидчихсан хүн байсан” гэж хэлэхийг сонсоод “Монгол хүн хэчнээн хүйтэнд ч малгайгүй зангиддаггүй. Орос хүн байж магад” гэж бодсон. Тэгээд Оросын цэргийн дивизэд очиж үзлэг хийгээд нэг орос цэргийн хийсэн хэрэг болохыг олж тогтоосон. Орой нь гарсан хэргийг үүрээр л илрүүлчихсэн. Тэгтэл Оросын дивизийн генерал, ЦЕГ-ын Дамдинсүрэн генерал нар намайг Улсын прокурор Хатанбаатарын өрөөнд дуудаж “Онц сэргийлэгч” тэмдгээр шагнаж байлаа. Орос генерал надад командирские бугуйн цаг бэлэглэсэн. Тэр үед би маш их баярлаж, урамшсан. Тэр тэмдэг хэдий жижигхэн боловч миний одон шагнал дунд жинхэнэ цойлсон, хамгийн үнэ цэнтэй нь юм. -Таны ажил болоод амьдралдаа баримталж ирсэн зарчим юу вэ? -Би шударга байх зарчмыг бүхий л амьдралдаа баримталж ирсэн. Шуурхай албаны хэлтэст над шиг зургаан жил ажилласан дарга байхгүй. Би байгаа газартаа эерэг өөрчлөлт хийе, шударга байя гэсэн зарчмыг баримталдаг байсан. Эдгээр зарчим минь намайг их өөд нь татсан юм болов уу даа гэж боддог. -Түүхийг тань сонсохоор Я.Рагчаа, Бумнанжид гэх мэт сайхан хүмүүстэй учирсан нь танд эерэгээр нөлөөлж, таны амьдралд гайхамшигтай өөрчлөлтүүд авчирсан юм шиг санагдлаа? -Сайныг дагавал сарны гэрэл гэж яг үнэн. Я.Рагчаа захирал бол яг хүний эцэг шиг л дарга байлаа. Хүрэн бор царайтай, дандаа инээмсэглэж явдаг, өндөр боловсролтой, эгэл даруу, эгэлгүй дарга байв. Хүнийг загнаж зандрах нь үгүй. Тэгтэл бүх сонсогч айж эмээнэ. Тэнд явж байгааг нь хараад наагуур нь эргэнэ. Айгаад байгаадаа биш маш их хүндэтгэж байгаа нь тэр. Байлдагч байхад ч, сонсогч болоход ч отрядын, сургуулийн бүх хүмүүсийн хайрыг татсан захирагч, захирал байж билээ. Монголын домог болсон хурандаа нарын нэг нь яах аргагүй мөн. Я.Рагчаа захирлынхаа маш зарчимч, зүтгэлтэй чанарыг нь үлгэрлэж, суралцах гэж хичээж ирсэн. Загвар болсон сайн даргатай байна гэдэг удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүст маш сайнаар нөлөөлдөг юм билээ. Миний амьдралд сайнаар нөлөөлсөн хүн яах аргагүй Я.Рагчаа захирал мөн. Бумнанжид нөхрөөсөө сонсогч байхаасаа өдийг хүртэл маш их эерэг нөлөө, үлгэр дуурайлал авсан даа. Ерөөсөө зөв хүний нөхөр байна гэдэг өөрөө маш том аз завшаан, сайхан хувь тавилан шүү. -Таны бахархал юу вэ? -Би хуульч мэргэжил, хурандаа цолоороо их бахархаж явдаг юм. Тэтгэвэрт гарсныхаа дараагаас хуульч мэргэжлээрээ ажиллаж өмгөөлөгч хийх болсон. Сүүлийн хоёр жил харин өмгөөлөгчөөр ажиллаагүй байна. Гэхдээ өмгөөлөх эрх минь хүчинтэй хэвээрээ. Энэ миний бас нэг бахархал. Одоо харуул хамгаалалтын ажил хийж байна. Ажил хийхээр хүн аливаад сатаараад эрүүл байдаг юм байна. -Та Монгол Улсдаа Цэргийн тусгай дунд сургуулийн хуулийн ангийг төгссөн. Мөн Москвад таван жил хуулийн академид суралцсан. Таныг мэргэжлээрээ ололт, амжилттай ажиллахад аль сургуулиас авсан мэдлэг арай түлхүү хэрэг болсон гэж хэлэх вэ? -Сүүлд академи төгссөн хэдий ч НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуульд олж авсан мэдлэг арай түлхүү хэрэглэгддэг байсан. Манай сургуульд доктор, хурандаа Батсүх, Цэдэнсодном зэрэг тэр үеийн мундаг эрдэмтэд хичээл заадаг байв. Тархинд минь мэдлэгийн үрийг ямар гүн, бат соёолуулаа вэ багш нар минь гэж би одоо ч гайхдаг. Цэдэнсодном багшийн зааж байсан гүйцэтгэх ажлын зарчмуудыг би одоо ч нэрлэж чадна. Миний амьдралд маш их хэрэг болсон доо. Сонсогч байхад олж авсан мэдлэг бол насан туршид мартагддаггүй юм билээ. Практикт сайн ажиллах үндэс бол оюутан, сонсогч байхдаа олж авсан онолын мэдлэг мөн. Цэргийн тусгай дундаас олж авсан мэдлэг, чадвар насан туршид минь намайг тэжээсэн дээ. -Сонсогч, оюутан дүү нартаа онц төгсөгч ахын хувиар захих зүйл байна уу? -Цагийг маш зөв ашигла. Маш зүтгэлтэй бай. Энэ хоёрыг баримталж явахад хүний хандлага зөв тогтож, амжилтын зам өөрөө нээгддэг. Хичээсэн хүн сайхан амьдардаг, сайхан ажил хийдэг, сайхан албан тушаал авдаг. Хичээгээгүй нь шүүгдээд л хоцордог. Хүний зүтгэл, идэвх, сэтгэл гурав цаашдын ирээдүйг нь тодорхойлж байдаг. Сонсогч байхаасаа өмнөө зорилго тавьж, сэтгэл, зүтгэлтэй, хичээх л юм бол сайхан ирээдүй өөрөө хүрээд ирнэ. Энэ бол амьдралын явцад нотлогдчихсон зүйл. Та нарын бахархдаг хурандаа, генералууд ингэж л зүтгэж, сайн сайханд хүрсэн байдаг. -Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье. Ахлах дэслэгч Д.Дайрийжав

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
135
Сүүлийн сар:
618
Нийт:
2350
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР