
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Ё.ОТГОНБАЯР: “СОНСОГЧИЙН АЛДАР” ТЭМЦЭЭН нь гардан ТУЛААНЫ СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН “Эрдмийн далай” сонин “Бидний бахархал” буландаа Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир албаны бэлтгэлийн институтын ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярыг урьж ярилцлаа. Цагдаагийн байгууллагад 19 настайдаа орж, Дипломат байгууллагуудыг хамгаалах шөнийн эргүүлийн 808 дугаар ангийн цагдаа, харуулын бага даргаас ажлын гараагаа эхэлж, мэргэжлийнхээ чиглэлээр байнга өөрийгөө хөгжүүлсээр Дотоод хэргийн их сургуульдаа багшилж, өнөөдрийг хүртэл үр бүтээлтэй ажиллаж, Их сургуулийнхаа түүхийн хуудсыг зузаалсан олон тод дурсамжтай нэгэн. Цагдаагийн хошууч Ё.Отгонбаяр багш Япон улсын Нагояа хотод Шёобукан каратегийн коллежийг багш-дасгалжуулагч, “Улаанбаатар-Эрдэм” их сургуульд эрх зүйч, АНУ-ын Berkeley хотын Ralph Gracie Jiu Jitsu академийг тус тус төгсжээ. Мөн “Улаанбаатар-Эрдэм” их сургуульдаа “Цагдаагийн ахлагч алба хаагчийн гардан тулааны сургалт, судалгааны туршилт” гэсэн сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнтэй анх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үеэс нь өнөөдрийг хүртэл туулсан замын талаар товч ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна. -Таны амрыг эрье. Таны ажлын гараагаа эхлүүлж байсан түүхээр яриагаа эхэлье. -Амрыг эрье. Би багадаа их хөдөлгөөнтэй хөвгүүдийн нэг байсан. Манайх спортын удамтай. Би багаасаа тулааны спортын бүх л төрлийг сонирхдог байсан юм. Харин 10 дугаар ангиа төгсөөд 19 настайдаа “Цагдаа” дамжаанд суралцаж, байлдааны самбо, жүдогоор хичээллээд цаашдаа илүү сайн хичээнэ гэдэг урам зориг авсан. Иймээс цагдаагийн байгууллага миний спортын амжилт, ажил амьдралтай салшгүй холбоотой. 1998 онд “Цагдаа” тэмцээнд амжилттай оролцож түрүүлээд ЦЕГ-ын 3 дугаар тусгай тасагт ажиллах болон тухайн үеийн Цагдаагийн академид суралцах урилгаар шагнуулж, сонсогч болохыг сонгож байлаа. 1999 онд Цагдаагийн академид элсэн 2000 онд энэ тэмцээнд дахин түрүүлж хошой аваргуудын нэг болсон маань миний залуу насны мартахын аргагүй дурсамжуудын нэг мөн. -Дотоод хэргийн их сургуультайгаа ажил амьдралаа холбосон сайхан түүхээ бидэнд хуучилна уу? -Би 2014 онд Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд харьяалагдаж байсан Албаны бэлтгэлийн тэнхимд самбогийн багшаар ажиллаж эхэлсэн. Одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. Бид анх спорт зааландаа биеийн тамирын бүх хичээлээ цагийн хуваарийн дагуу зохион байгуулж, зохицуулаад олон шавь нараа амжилттай төгссөн. Манай тулааныхан бол заримдаа бусад хичээлүүд хуваарийн дагуу орж байсан ч нэг буланд нь дэвжээгээ засаж байгаад бэлтгэл сургуулилтаа хийж байгаад олон сайхан амжилт гаргасан даа. Одоо манай Их сургуулийн сургалтын орчин, тэр дундаа биеийн тамир спорт, бие хамгаалах чиглэлээр үнэхээр жишиг болохуйц анги танхимтай, багшлах бүрэлдэхүүн маань дандаа спортын зэрэг цолтой шилдэг тамирчид, багш-дасгалжуулагч нар ажиллаж байна. -Гардан тулааны хичээлийн хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагын талаар та мэргэжлийн багш хүний хувьд юу гэж хэлэх вэ? -Энэ хичээл бол төрийн цэргийн болон хууль сахилах байгууллагын албан хаагчдыг бэлтгэдэг манай сургуулийн гол хичээл. Яагаад гэвэл чанартай сайн албан хаагч бэлтгэхэд энэ хичээлийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага маш их. Тиймээс жилээс жилд хөтөлбөрөө сайжруулан ажиллаж байна. Өөрийгөө болон бусдыг аюул заналхийлэл, аливаа асуудлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагч болохын тулд энэ хичээлийн хөтөлбөр маш чухал үүрэгтэй. Жил бүрийн элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдээс бие бялдар, ур чадварын шалгалтыг шалгуур өндөртэй авдаг. Ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын хичээлийн ачааллыг бага авч байгаа нь энэ шалгалтыг авч байхад ажиглагддаг. -Хүүхдүүдэд онолын мэдлэг олгоно гэдэг өөр. Харин бие бялдрын ур чадвар эзэмшүүлнэ, спортын уралдаан тэмцэнд дасгалжуулан оролцуулна гэдэг амаргүй ажил биз? -Энэ бол багш нар бидний хийх ёстой мэргэжлийн ажил. Амаргүй гэхээсээ илүү хүүхдүүддээ хэзээ нь ачаалал өгөх, хэзээ нь амраах, ямар үед нь сэтгэл санааг нь өргөх үү, унасан үед нь яаж сэргээх үү гээд энэ бүхэн мэргэжлийн багш нар бидний үнсдэн ажил юм. Сонсогчдод үндсэн хичээл сургалтыг заахаас гадна уралдаан тэмцээнүүдэд бэлтгэж байна. Уралдаан тэмцээн болгондоо дүгнэлт хийж, бусад их дээд сургуулиудаас туршлага судална. Хүүхдүүдээ харьцуулж дүгнэлт хийнэ. Ер нь тархиндаа байнга энэ талаар бодож явдаг. Гэхдээ манай хүүхдүүд өөрийн дуртай спортоороо хичээллэж байгаа учраас маш их хичээл зүтгэл гаргаж, жилээс жилд олон сайхан амжилт гаргаж байна. Хүүхэд амжилт гаргах багш хүний баяр бахархал. Сонсогчдоо бэлтгэнэ гэдэг хамгийн товчоор хэлбэл биеийн ачаалал өгөхөөс гадна сэтгэл зүйтэй нь ажиллах чухал. Хүүхэдтэйгээ сайн ажиллаж байж хичээл сургалт, тэмцээн уралдаанд амжилт үзүүлэх гол үзүүлэлт болдог. -Багш-дасгалжуулагч болох замыг тань заасан багшийнхаа тухай ярина уу? -Би Цагдаагийн академид 1999 онд С.Хаянгарваа багшийнхаа дааж авсан ангийнх нь ангийн дарга боллоо. Багшаасаа тамирчин, багш-дасгалжуулагч хүн ямар байх ёстойг суралцсан. Багшийнхаа нөмөр нөөлгөөр их зүйл сурсан болохоор намайг гадаадад тамирчнаар явна гэхээр их дургүйцдэг байсан юм. Харин би Япон руу багшаасаа би зөрж, “гомдоогоод” явсан. Ирээд намайг Америк руу сургуульд сурахаар явахад багш минь Хилийн цэргийн дээд сургуульд багшаар ажилд оруулах гэж байхад чи дахиад гадаад явах гэлээ гээд гомдож байсан. Энэ бүх шийдвэр маань багшийгаа хүндлэхгүй байгаадаа биш юм. Харин өөрийгөө илүү сайн хөгжүүлж, багшийнхаа “гомдол”-ыг амжилтаар тайлна гэсэн эрмэлзэл байлаа. Гурав дахь удаагийн зөрөлт гэж бол надад байгаагүй. Багш нэг өдөр надад докторт сурахыг “үүрэгдэж”, өөрөө Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн докторын хөтөлбөрт бүртгүүлж өгч байлаа. Одоо би танхимынхаа цагийг дүүргэж, судалгааны ажлаа хийж байна. Багшийнхаа хүслийг биелүүлнэ. Өөрөө ч бас зүтгэе гэж шийдээд хичээж байна даа. -Багш-дасгалжуулагч хүний хувьд залууст та юу гэж зөвлөх вэ? -Би шавь нартаа зорилго, тэмүүлэлтэй, итгэлтэй байхад үр дүн чинь аяндаа зурайж гараад амжилт чинь тодроод гараад ирнэ ээ гэж хэлдэг. Спортынхоо төрөлд үнэнч бай, шударга бай, зорилготой бай. Спорт худлаа, зальжин, дүр эсгэх ямар ч боломжгүй бас зохимжгүй гэж хэлдэг. -Та өөрийнхөө спортын амжилтаас бидэнтэй хуваалцахгүй юу? -Олон тэмцээн уралдаанд орж ялж, ялагдаж байлаа. Цагдаагийн байгууллагад 1990-ээд оноос эхэлж зохион байгуулсан “Цагдаа” тэмцээн бол олон аавын хүүгийн шандсыг сорьж, хурцалдаг тэмцээн байсан. Анх 1995 онд энэ тэмцээнд ороод байлдааны самбо, машин, гүйлт, мотоцикл, хууль эрх зүй, буудлага гээд 7 төрлөөр өрсөлдөөд хувийн амжилтаараа 10 дугаар байранд орж баярын бичиг 20 мянган төгрөг шагналд авсан юм. 21 аймаг 6 дүүргийн 30 гаруй байгууллагын 114 хүн, албан хаагч оролцсон тэмцээнээс 10-т ороход байгууллагынхан маань баяр хүргээд би их урам авч, ер нь болох юм байна гээд тулаанаараа тууштай хичээллэж эхэлсэн. Үүнээс хойш олон ч уралдаан, тэмцээнд орж медаль авсан. Тэмцээн болгоноос туршлага авч, алдаа оноогоо эргэцүүлж, илүү сайн байхыг хичээдэг байлаа. Мөн Японд 2003 онд анх бүх Японы шёобукан каратегийн тэмцээнд сүүлийн гурван тоглолтыг маш ойрхон хийсэн. Аваргын төлөө тоглохын өмнө маш их ядарч, багтрах гээд дасгалжуулагчдаа “Би тогломооргүй байна, ялагдаад хоёрдугаар байранд орчихъё” гэж хэлтэл багш минь “Оогий чи монгол хүн шүү дээ. Гуравхан минут л тэсчих” гэхэд нь гарч тоглоод ялж байсан. Энэ тэмцээнээс би аливаа уралдаан тэмцээнд сэтгэл зүй ямар их чухал вэ гэдгийг мэдэж авсан юм. Миний хичээллэсэн үндсэн спорт бол гардан тулаан, холимог тулаан буюу чөлөөт тулаан юм. Харин сонирхлоороо жюү жицү, жүдо, киокушинкай карате, шёобукан каратегаар хичээллэж цөөнгүй амжилт гаргасан. -Сургамж авч, туршлага суугаад дараа жил би заавал алтан медаль авна даа гэж зорьж ирж оролцоод санасандаа хүрч байсан сайхан түүхээсээ хуваалцана уу? -Ямар ч тэмцээнээс хүн алтан медаль авна гэж зорьж очдог. 1998 онд “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээнд түрүүлнэ гэж очсон ч түрүүлж чадаагүй хүрэл медаль авч байсан юм. Энэ медалийнхаа шагналд урт улаан хивс авч, гэртээ авчраад эхнэртээ: “Энэ миний тулааны амжилтад хүрэх зам шүү” гэж хэлж байсан юм. Хэдийгээр наргиан болгож хэлж байсан ч үнэхээр миний өнөөдрийг хүртэл сайхан явах зам болж чадсан. “Сонсогчийн алдар” тэмцээн бол манай Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа багшийн санаачилсан тэмцээн. Цэрэг цагдаагийн байгууллагын албан хаагчдаас эхлээд энэ спортоор хичээллэдэг хүн бүхэнд нээлттэй тэмцээн. Монголд тулааны урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээр нь багшийнхаа нэрийг алтан үсгээр бичмээр санагддаг. Би 2018 оноос эхлэн тулааны төрлийн шүүгчээр ажиллаж байна. “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээний “Шилэгдмэл шүүгч”-ээр шалгарч байлаа. “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн маань 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон өргөжин тэлсэн юм. Олон гавьяат тамирчид, багш дасгалжуулагч, тулааны спортын алдартнууд бүгдээрээ л энэ тэмцээнээс алдар нэрээ дуурсгаж, амжилтын гараагаа олсон байдаг. Ийнхүү Их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтын “Тэргүүний багш”, цагдаагийн хошууч Ё.Отгонбаяртай ярилцлаа. Тэрээр Эрдмийн хамт олондоо ч үлгэр дуурайлал болж, эрүүл мэндээ анхаарах, зөв хэвшлийг төлөвшүүлэхэд манлайлан “ДХИС-Оргил өөд” алхалтын клубийнхээ 2024 оны “Шилдэг алхагч”-аар шалгарч, одоо ч энэ клубээ тэргүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд Жюү-Жицү болон гардан тулаан, бие хамгаалах чиглэлээр хичээллэх сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулж, бие хамгаалах болон чөлөөт тулааны урлагийн нэг гол урсгал болох Холимог тулаан буюу Жюү-Жицүг заах чадварыг дээшлүүлэх, ДХИС-ийн шигшээ багийг бүрдүүлэх, хот, улс олон улсын чанартай бусад тулааны тэмцээн уралдаанд амжилттай оролцуулж, Их сургуулийнхаа нэрийг өндөрт гаргахад олон талаар үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхэм цагдаагийн хошууч танд спортын өндөр амжилт хүсье. Цагдаагийн хошууч Б.Төгсжаргал