
Аймгийн ИТХ-ын VI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын нэг нь Хот тохижуулах газар болон “Шинэ Ховд Жаргалант ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нэгтгэн орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай асуудал байлаа. Төлөөлөгчид Хот тохижуулах газрын асуудлыг хэлэлцэх асуудлаас хасаж, “Шинэ Ховд Жаргалант ТҮК”-ийг татан буулгаж, оронд нь “Эрч хүч тохижилт үйлчилгээ” нэртэй орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахыг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Шинээр байгуулагдах “Эрч хүч тохижилт үйлчилгээ” ОНӨ ХХК нь хог хаягдлын менежмент, хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм. Хэдийгээр байгууллагын хэлбэр өөрчлөгдөж байгаа хэдий ч бүтэц, орон тоог хэвээр хадгалан ажиллахаар шийдвэрлэлээ.




