
Өнөөдөр, 2025 оны 8 дугаар сарын 18-нд Засгийн газрын цахим хуралдаан Төрийн ордонд болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон онцгой анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцэв.
Хуралдаанд өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдох яамдын сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга нар, мөн нийслэл болон 21 аймгийн Онцгой комиссын төлөөллүүд оролцлоо.

Баян-Өлгий аймгийн төлөөллүүдээс Засаг дарга Е.Зангар, Засаг даргын тамгын газрын дарга Ө.Тиянах, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцагч, дэд хурандаа Д.Цэнд-Аюуш, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нурбулан, ЗДТГ-ын хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Д.Роза нар оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Одоогоор Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт нутгийн 80 хувийг өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж үнэлсэн байна.

Аймгийн аюулгүй нөөцөд 235 тонн тэжээл, 190 тонн өвс бэлтгэж, цаашид нэмэгдүүлэн бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн малчид хувиасаа 40 мянган тонн байгалийн хадлан бэлтгэж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын дунд Баян-Өлгий аймаг багтаж буй тул малчдад зориулсан отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг онцгой анхаарах шаардлагатайг онцлов.
Мөн шатахууны нийлүүлэлт, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, ОХУ-тай холбогдох эрсдэлийг урьдчилан тооцон сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдээлэл өгсөн бөгөөд шатахууны тогтвортой нийлүүлэлтэд Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Аймгийн Засаг дарга Е.Зангар өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байгаа ч хямд үнээр өвс нийлүүлэх, хөрш орнуудаас нэмэлт өвс татах зэрэг олон талт арга хэмжээ авч, нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалахын төлөө идэвхтэй ажиллаж байгаагаа илэрхийллээ