
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Монгол Кино Судлал" Олон Улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингис хаан музейн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хурал нь Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачид, уран бүтээлчдийг нэгтгэсэн, олон улсын хэмжээний чухал арга хэмжээ юм.
Хурлыг нээж Кино Урлагийн Зөвлөлийн дарга Ч.Ундрал, Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-өлзий, СУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Ч.Бат-эрдэнэ нар үг хэлэв.
Эрдэм шинжилгээний хурлын олон улсын илтгэгчдээр:
PIOTR SITARSKI (Польш улсын Лодзь хотын Их сургуулийн профессор)
• Сэдэв: “Монгол орчин үеийн триллер кино”
XU GUANG (БНХАУ-ын Өвөр Монголын урлагийн их сургуулийн профессор)
• Сэдэв: “Монгол киноны ертөнцийн тойм зураг – Монгол улс болон Хятад улсын монгол сэдэвт уран сайхны кинонуудыг жишээлэх нь
” PARK KIYONG (БНСУ-ын, Данкүүкийн их сургуулийн Кино урлагийн тэнхимийн ахлах профессор)
• Сэдэв: “Монголын кино урлагийн тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогын санал, зөвлөмж”
СЕРГЕЙ АНАШКИН (ОХУ-ын Урал мужийн Екатеринбург хотын кино шүүмжлэгч, судлаач)
• Сэдэв: СЭРГЭЛТ: “Монголын орчин цагийн залуу үеийн дүр” сэдвүүдээр илтгэл таницууллаа.
Монгол талын судлаач илтгэгчдээр:
Ч.ОТГОНБАЯР (Доктор (Ph.D), СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургуулийн багш
• Сэдэв: “Монголын уран сайхны киноны сэдвийн хувьсал: Давтамж ба хандлага”
Б.МИЧИДМАА (МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулын багш)
• Сэдэв: “Монголын кино урлаг дахь феминист дүрслэлийг шинжлэх нь” сэдвээр илтгэл танилцуулав.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Хурлын үеэр Кино урлагийн зөвлөлөөс “Монголын кино урлаг дахь оюуны өмчийн эрхийн өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлгээр одоо мөрдөгдөж буй оюуны өмч болоод зохиогчийн эрхийн тухай хууль эрх зүйн орчин, хариуцлага хүлээлгэх хуулийн заалт зэргийг танилцуулсан юм. Мөн цаашид оюуны өмч, зохиогчийн эрхийг сайжруулах нөхцөл, арга барилын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн модератороор Кино Урлагийн зөвлөлийн гишүүн, продюсер Д.Онондорж ажиллаж панелистуудаар:
• Ч.УНДРАЛ (Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга)
• Ч.ЭРДЭНЭБАЯР (Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын ахлах мэргэжилтэн)
• Н.ЭРБОЛД (Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч)
• Б.ГАРАМХАНД (Кино найруулагч)
• Б.АМАРСАЙХАН (Кино найруулагч)
• Б.НАРАНБАТ (Номадиа Пикчерс Ерөнхий продюсер) нар оролцов.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монголын кино урлагийн өнгөрсөн түүхийг эргэн харах, өнөөдрийн хөгжлийн түвшинг тодорхойлох, ирээдүйн чиг хандлагыг хамтдаа хэлэлцсэн чухал уулзалт болж өндөрлөлөө.












