
Жил бүрийн 10 дугаар сарын 23-нд Цоохор ирвэсийг хамгаалах Олон улсын өдөр тохиодог. Ирвэс нь амьдарч байгаа тархац нутгийнхаа идэш тэжээлийн суваргын оройд байрлаж, экологийн тэнцвэрт байдлыг бүрдүүлэхэд нөлөөлдөг.Цоохор ирвэс нь Монгол орны нэн ховор амьтан бөгөөд өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч гэж тодорхойлдог, дэлхийн 12 оронд тархсан, ховордож байгаа зүйл юм. Маш нууцлаг, үзэгдэц ховортой цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг гэж үздэг бөгөөд хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 онд дэлхийн цоохор ирвэсийн популяцийн үнэлгээ санаачилгын хүрээнд явуулсан судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоож, ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна. Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103,000км2 бөгөөд Монгол Алтайн нуруу , Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан. Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм. "Ирвэс амгалан бол уулс амгалан"




