
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс харьяа хорих анги, байгууллага, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, баривчлах байр, баривчлах төвийн сэтгэл зүйчдийг мэргэжил арга зүйгээр хангах, сэтгэл зүйн зөвлөгөөний арга техникт сургах, ажлын байранд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлэх зорилгоор Монгол Улсын Их сургууль, Монголын Үндэсний номын сантай хамтран сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус сургалтад орон нутгийн салбар нэгжийн алба хаагчид цахимаар, хотын бүсийн мэргэжилтнүүд танхимаар оролцсон бөгөөд сургалтын үеэр Монгол Улсын Их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин “Түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэгийг оношлох арга зүй”, Хорих ял эдлүүлэх албаны сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Анхтуяа “Хувь хүний мэдээлэл, хувь хүний эмзэг мэдээллийг хадгалах, хамгаалах тухай” хууль эрх зүйн зохицуулалтын талаар тус тус сургалт орж, Монголын Үндэсний номын сангийн Гадаад харилцаа, цахим номын сангийн үйл ажиллагаа хариуцсан дарга н. Бат-Эрдэнэ номын сангийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.











