Sun Logo
СОНСОГЧДЫН 2025 ОНЫ МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР ХИЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛИЙН БАГ, ТАМИРЧИД ТОДОРЛОО
СОНСОГЧДЫН 2025 ОНЫ МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР ХИЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛИЙН БАГ, ТАМИРЧИД ТОДОРЛОО

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын 2025 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээний аваргууд өнөөдөр /2025.04.25/ тодорлоо. Сонсогч, суралцагчдын марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудаас эрэгтэй 6 баг, эмэгтэй 4 баг хурд, хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадамж, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд тэргүүн байрт ахмад Г.Даваадорж ахлагчтай Хилийн албаны сургууль, дэд байрт цагдаагийн дэслэгч С.Лхагвадорж ахлагчтай Цагдаагийн сургууль, гутгаар байрт дэслэгч А.Шинэбаяр ахлагчтай Онцгой байдлын сургуулийн баг, тамирчид шалгарлаа. Харин эмэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг түрүүч Б.Батцэцэг ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, дэд байрыг дэд түрүүч Б.Дөлгөөнтуяа ахлагчийн Хилийн албаны сургууль, гутгаар байрыг дэд түрүүч Б.Есү ахлагчтай Шинжлэн магадлах ухааны сургуулийн баг, тамирчид эзлэв. Багийн нийлбэр дүнгээр Хилийн албаны сургуулийн баг, тамирчид сонсогч, суралцагчдын 2025 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээний аваргаар тодорч шилжин явах цомын эзэд боллоо. Дэд байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, гутгаар байрт Цагдаагийн сургууль нэгдсэн дүнгээр шалгарчээ. Их сургуулийн сонсогч, суралцагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн хэргийн мэдлэг, авхаалж самбааг хөгжүүлэх, хамт олонч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд энэхүү марш, тусгай бэлтгэлийн тэмцээн чухал ач холбогдолтой юм. Тус тэмцээн нь 2 өдрийн турш үргэлжилж, ийнхүү өнөөдөр аваргууд тодров. Тэмцээний эхний өдөр багууд гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын дасгал, норматив, галын бэлтгэлийн норматив, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативаар өрсөлдсөн бол өнөөдөр Гүнжийн хоолой дахь сургалт, бэлтгэлийн төвд иж бүрэн агсамж, буутай марш үйлдэх явцдаа 6 цэгийг дамжин даалгавар гүйцэтгэв. Төрийн тусгай алба хаагчийн албаны бэлэн байдал, авхаалж самбаа, хурд, хүч, эр зориг, тэсвэр хатуужил, хамт олонч байдлыг харуулж, тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
599
Нийт:
2349
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР