
Шинжлэх ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн 60 жилийн ойн хүрээнд “Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Монгол орны олон зүйл зэрлэг амьтад ховордож тоо толгой нь эрс цөөрч байгааг дурдаад төр, шинжлэх ухааны байгууллага, иргэд, олон улсын түншүүд хамтдаа байгаль хамгаалах, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн төлөө нэгдэж ажиллах цаг үе гэдгийг онцлов.
Тэрбээр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан бодлого шийдвэр гаргах, биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглалтыг дэмжих, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд шинжлэх ухааны байгууллагын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа маш чухал юм. Дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, сүүлийн 50 жилийн хугацаанд судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурчээ гэсэн тоог “Амьд ертөнцийн тайлан” 2024-д онцолсон байна. Энэ үзэсгэлэн бол биологийн олон янз байдал, амьд биетийн уялдаа холбоо, тэдгээрийн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг олон нийтэд таниулах, хамгаалах, бүх насны хүмүүст байгальдаа хандах зөв хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ юм. Цаашид төр, шинжлэх ухааны байгууллага, иргэд, олон улсын түншүүд хамтдаа байгаль хамгаалах, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн төлөө бүр илүү нэгдэж ажиллах цаг үе ирээд байна. Түүхэн он цагийн турш байгаль дэлхий, амьд ертөнцийн тухай эрдэм мэдлэгийг хуримтлуулж, түүнийгээ хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үнэт өв бүтээлцэж ирсэн Биологийн Хүрээлэнгийн нийт эрдэмтэн, судлаач, ажилтнуудад талархал илэрхийлье” гэв. “Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд нэг сарын хугацаанд нээлттэй байх юм.













