
Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус сургалт, дадлага нь цаашид өргөжин хоёр улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. 2025 онд Монгол Улс болон БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Түүхт ойн жил хоёр улсын Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын командлал хооронд хамтран ажиллах эхлэл тавигдаж байгаагаараа онцлог юм. Хамтарсан сургалт, дадлагад Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнуудыг хамруулан эрх зүйн орчины хэрэглээ, кибер халдлагын үед хариу үйлдэл үзүүлэх, цахим мэдээллийг хамгаалах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга зам болон кибер аюулгүй байдлын ёс зүй, соёл зэрэг сэдвээр сургалт, дадлагыг зохион байгуулна.

