
Цагдаагийн сургуулийн “Цагдаа судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс томилогдсон шинжээчийн баг өнөөдрөөс Их сургуулийн байрлалд ажиллаж эхэллээ.
Энэхүү хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх ажлын нээлтийн хуралд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвийн дарга, доктор (Ph.D) А.Манлай, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн С.Бадамцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Цагдаагийн сургуулийн захирал, Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн төвийн эрхлэгч, дэд хурандаа О.Шинэбаяр болон тус сургуулийн профессор, багш, албан хаагчид оролцлоо.
“Цагдаа судлал” бакалаврын сургалтын хөтөлбөр нь 2020 онд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж, өдгөө хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэлд хамрагдаж байгаагаараа онцлогтой.
Хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн тохиолдолд тухайн хөтөлбөр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, ижил мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, хөтөлбөрөөр эзэмшсэн мэргэжлийг баталгаажуулах, кредит хөрвүүлэх, дүйцүүлэх, хүлээн зөвшөөрөх, чанарыг тасралтгүй сайжруулах тогтолцоо төлөвших зэрэг ач холбогдолтой юм.
Шинжээчийн баг 2025 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдөр энэхүү сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдал, сургалтын орчин нөхцөлтэй танилцан, урьдчилсан үнэлгээ өгч, зөвлөмж гарган ажиллана.




