
📊 2024 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 446,374 өргөдөл, гомдол ирүүлснээс 419,658 буюу 94 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариу өгсөн байна. Нийт өргөдөл, гомдлын 67.5 хувийг хүсэлт, 18.9 хувийг гомдол, 11.4 хувийг мэдэгдэл, 2.0 хувийг санал эзэлж байгаа бөгөөд өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тоог өмнөх онтой харьцуулахад 27.9 хувиар, шийдвэрлэлт 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
📊 Өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл, төрийн захиргааны төв байгууллагын хувьд татвар, гааль, хууль эрх зүй, санхүү, төрийн албан хаагчийн ёс зүй, үйл ажиллагаа болон зам, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн халамж, нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдлын тоо өндөр үзүүлэлттэй байгаа бол нутгийн захиргааны байгууллагын хувьд орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, дэд бүтэц, авто зам, гудамж талбайн тохижилт үйлчилгээ, газрын харилцаа, боловсрол, барилга байгууламж, нийгмийн даатгал болон шүүх, цагдаагийн байгууллага, албан хаагчидтай холбоотой гомдол зонхилж байна.
📊 Мөн иргэдээс эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, хууль, эрх зүй болон хот байгуулалтын салбарын үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн гомдолд тандалт судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан иргэдийн 63.6 хувь нь шийдвэрлэлт хангалтгүй, дутуу шийдвэрлэсэн, хариу өгөөгүй зэргээр сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн байна.
📊 Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах шуурхай штабыг Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 150 дугаар захирамжаар байгуулсан. Шуурхай штаб байгуулагдсанаас хойш нийт 8 удаа хуралдсан бөгөөд 5 удаагийн хуралдаанаас өгсөн 6 чиглэл, 85 үүрэг даалгаврын биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд биелэлт дунджаар 62.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
📊 Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг авч үзвэл, эхний хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 73.8 хувь байгаа бол хоёрдугаар болон гуравдугаар хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт тус тус 59.5 хувь, дөрөвдүгээр хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 50.5 хувь, тавдугаар хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 58.3 хувьтай байна. Нийт үүрэг, даалгаврын биелэлтийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 22 буюу 25.9 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 31 буюу 35.5 хувь нь “хэрэгжих шатанд”, 31 буюу 36.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 1 буюу 1.2 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн байна.