
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулагдаж байна. Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төв аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа чуулганд тус аймгийн 27 сумын бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч 300 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Төлөөлөгчид хорин гуравхан насандаа эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж, амиа өргөсөн Төв аймгийн Борнуур сумын харьяат Монгол Улсын баатар Дуламдоржийн Самдан болон дайны хүнд үед дайчин нөхдөө командлан ялалтад хувь нэмрээ оруулсан Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цог нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр чуулганаа эхлүүлэв. “Монгол туургатан” театрт дэлгэгдсэн Монгол цэргийн музейн “Монгол цэргийн дайчин уламжлал”, Монгол цэргийн нэгдсэн холбооны “Монгол цэргийн холбоо нийгэмд танигдсан 10 жил”, Төв аймгийн музейн “Төв аймгийнхан эх орноо хамгаалах үйл хэрэгт” сэдэвт үзэсгэлэнг үзэж сонирхон халуун яриа өрнүүлэв. “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Төв аймгийн Засаг дарга Т.Төмөрчөдөр, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын албаныхан оролцлоо.

Дэслэгч генерал Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг сонордуулж, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд нийгмийн манлайлагч иргэд байх ёстойг захиж, Төв аймгаас олон арван генерал цолтон төрснийг онцлон дурдлаа.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба чуулга уулзалтад оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны чухал бүрэлдэхүүн болсон орон нутгийн хамгаалалт болон дайчилгааны асуудалд цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо өндөр болохыг онцлон тэмдэглэж, чуулганы үеэр тодорхой сэдвийн хүрээнд явагдах чөлөөт ярилцлага, хэлүүлэгд идэвхтэй оролцож, өөрсдийн санал сэтгэгдлээ хуваалцахыг уриаллаа.
Чуулга уулзалтын үеэр "Эх оронч үзэл бахархлыг түгээхэд бэлтгэл үүрэгтнүүдийн оролцоо”, “Тусгаар тогтнол ба монгол эрчүүд”, “Чөлөөлөх дайнд Монгол Улсын оролцоо” сэдвээр үндсэн илтгэлүүд тавигдаж, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бол ЦДБЭЧ-ын уран бүтээлчид цэргийн цог жавхаат дуу хөгжим, бүжиг болон шинэхэн уран бүтээлээсээ дээжлэн толилуулав.

Бэлтгэл үүрэгтнүүд тусгайлан бэлтгэсэн асарт цэрэг хоолоо амтархан зооглож, алба хаах үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцан Зэвсэгт хүчний Хуурай замын командлалын байр болон үйл ажиллагаатай нь хэсэгчлэн танилцсан.
Монгол дээлээр гоёсон төлөөлөгчдийг онцолбол Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2006 онд алба хаасан Батжаргалын Төрбат, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд мөн 2006 онд алба хаасан Буриадын Цогтбаатар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2000 онд алба хаасан Нямзааны Бат-Орших, Хилийн цэргийн дугаар ангид 2000 онд алба хаасан Балдандоржийн Эрдэнэбат, 2009 оны түрүүч Уранцэцэгийн Бямбахүү, 2023 онд алба хаасан Нандин-Эрдэнийн Содномжамц нар байв. Тэд “Хүний омогшил, бахархлыг төрүүлдэг зүйл бол яахын аргагүй би цэрэг хүн гэх бодол. Энэ бодол намайг өөртөө итгэх итгэлийг үргэлж нэмдэг юм. Хээр гаралгүй удсан байна, онжавуудтайгаа онигоо ярилгүй ч бас удсан байна. Буугаа тэврэлгүй бүр их удсан байна хэмээн хөөрцөглөж сэтгэгдлээ хуваалцлаа.

Орон нутагт төрийн Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон зарим иргэдийг шагнаж урамшуулсны дараа төлөөлөгчид Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд зочилж, тус нэгтгэлээс төрөн гарсан Монгол Улсын Арван баатрын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлж, цэрэг эрсийн Монгол Улсын Цэргийн тангараг давтах, нэгдсэн тооны ажиллагаа, маршийн аялгуу, ёслолын жагсаалыг үзэж сонирхов. Залуу нас, цэрэг амьдрал, дурсамж дурдатгалыг минь сэргээж бадраасан ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж, оролцуулсанд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа төлөөлөгчид илэрхийлж, тэдний нүд үнэн сэтгэлийнх нь үгийг баталж байлаа. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ирэх 9 дүгээр сард Өвөрхангай аймагт энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
