ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР НИЙТ НУТГИЙН 40 ГАРУЙ ХУВЬД ИХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ. Уг зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглаж гаргасан.
Зуншлагын байдлын 2024 оны 8 дугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан.
Хээрийн цасны 12 дугаар сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-38 см зузаан цастай байна.
Зудын эрсдэлийг 12 дугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарав. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байхаар байна.
Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ