
Өнөөдөр дэлхий даяар кибер халдлагын тоо, цар хүрээ урьд өмнөхөөсөө хэд дахин өсч, хувь хүн, байгууллага, улс орнуудын аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулж байна. Статистик мэдээллээр өдөр бүр хэдэн сая халдлага цахим орчинд бүртгэгдэж байгаа нь уламжлалт хамгаалалтын арга барил дангаараа хангалтгүй болж, илүү ухаалаг, хурдан, цогц шийдэл зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Ийм нөхцөлд хиймэл оюун ухаан (AI) нь кибер аюулгүй байдлын салбарт “шинэ үеийн хамгаалалт” болж, хүчтэй давалгааг үүсгэж эхэллээ.
Хиймэл оюун ухааны үндсэн давуу талууд
- Эхний хамгаалалт – Сүлжээгээр дамжих өгөгдөл, үйл ажиллагааг бодит цаг хугацаанд хянаж, сэжигтэй зан төлөвийг илрүүлнэ.
- Өгөгдлийн ангилал – Аюулгүй ба аюултай мэдээллийг ялгаж, шуурхай хариу арга хэмжээ авах боломж бүрдүүлнэ.
- Автомат хамгаалалт – Давтагдсан жижиг халдлагыг автоматаар илрүүлж, таслан зогсооно.
- Нарийн төвөгтэй халдлагын үед – AI нь урьдчилсан дүн шинжилгээг хийж, илүү том эрсдэлийг хүний шинжээчдэд шилжүүлдэг.
- Сургамж авах чадвар – AI нь өмнөх халдлагын өгөгдлөөс суралцаж, дараагийн хамгаалалтыг улам нарийвчилдаг.
Дэлхийн хэмжээнд өсөж буй хэрэглээ
ISC²-ийн 2025 оны судалгаагаар:
- Байгууллагуудын 30% нь AI-г аль хэдийн кибер хамгаалалтдаа нэвтрүүлсэн,
- 42% нь туршилтын шатандаа,
- Үлдсэн хэсэг нь ойрын хугацаанд ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.
Энэ нь хиймэл оюун ухаан бол ирээдүйд хэрэгжих биш, харин өнөөдөр зайлшгүй авч хэрэгжүүлэх хамгаалалтын шийдэл гэдгийг тодорхой харуулж байна.
Байгууллагуудад үзүүлэх бодит ашиг
- Ажилтнуудын ачаалал буурна – жижиг асуудлуудыг AI шийдвэрлэх тул хамгаалалтын баг илүү чухал асуудалд төвлөрнө.
- Хурдтай хариу үйлдэл – Халдлагыг илрүүлэх, зогсоох хугацаа үлэмж богиносно.
- Иргэдийн итгэл нэмэгдэнэ – банк, цахим худалдаа, төрийн үйлчилгээ зэрэг өдөр тутмын хэрэглээ илүү найдвартай болно.
- Эрсдэл буурна – мэдээллийн алдагдал, эдийн засгийн хохирлын эрсдэл эрс багасна.
Монгол Улсын хувьд
Манай улсад ч мөн адил төрийн байгууллага, банк, санхүү, хувийн хэвшлийн системүүд кибер халдлагад өртөх эрсдэлтэй хэвээр байна. Энэ нь зөвхөн мэдээлэл алдагдахаас гадна иргэдийн итгэл, байгууллагын нэр хүнд, үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх аюултай. Тиймээс хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, олон улсын жишгийг нэвтрүүлэх шаардлага нэн түрүүнд тулгарч байна.
Эх сурвалж: