
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын бага хуралд оролцож байна. Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын 27 дахь удаагийн бага хурал Тайландын Хаант Улсын Хуа Хин хотод 2025 оны 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Бага хурал нь бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн орчин үеийн дэлхий дахины болон бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдлын асуудлууд, тэдэнд тулгамдаж буй сорилтуудын талаар хэлэлцэж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйл хэрэгт чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг сахиулах хүчин чармайлтыг ахиулах асуудлуудын талаар санал бодлоо хэлэлцдэг, аюулгүй байдлын томоохон арга хэмжээ юм.

Түүнчлэн, энэ арга хэмжээний үеэр улс орнуудын Зэвсэгт хүчний удирдлага харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцож, хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа, цэргийн итгэлцэл, түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцдог нь энэ арга хэмжээний бас нэгэн онцлог юм. Энэ удаагийн арга хэмжээнд Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн 30 гаруй орны Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын штабын дарга, удирдах бүрэлдэхүүн, удирдах албан тушаалын ахлагч нар оролцож байна. Монгол Улсаас ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид оролцож байна.

АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлал, Тайландын Хаант Улсын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабтай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн бага хуралд Тайландын Хаант Улсын Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч, орлогч сайд Наттхафон Наркцанит, АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Дан Кейн, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлагч адмирал Самуэл Папаро нар хүндэт зочноор оролцож байна.