
✅Сувилахуй болон эх барихуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн үнэ цэнэ, мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлагын үр дүнтэй чадварыг тодорхойлж “Сувилагч”, “Эх баригч” мэргэжилтний цогц чадамжийг Эрүүл мэндийн яамнаас баталсан. Баталсан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх улмаар Олон улсын Сувилагчдын өдрийг угтан сувилагч тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах, тэдний ёс зүйн асуудлыг хөндөх, урамшуулан дэмжих, цаашид тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зорилгоор Олон Улсын Улаанбаатар Их Сургууль, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Сувилахуйн тусламж үйлчилгээний ёс зүйн асуудал” сургалтыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс хамтран зохион байгуулж байна.
✅Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, НБХ-ийн дарга Д.Цэцэгмаа, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, НЭ-ийн захирал Ю.Энхжаргал, Олон Улсын Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, Сувилахуйн ухааны доктор Д.Дуламсүрэнгээр ахлуулсан баг нийт 250 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцож байна.
✅Манай аймгийн 156 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1728 эмч, эмнэлгийн сувилагч тусгай мэргэжилтэн, ажилчид ажилладаг. Үүний 965 буюу 55,8 хувийг сувилагч тусгай мэргэжилтнүүд эзэлдэг. 10000 хүн амд ноогдох сувилагчийн тоо 36.2 той, улсын дунджаас 5.6-аар, аймгийн дунджаас 1.2-оор бага, стандартаараа 1 их эмчид ногдох сувилагчийн тоо 1:3 байдаг бол манай аймаг 1:1.7 ба зорилтод түвшинд хүрэхгүй байгаад гол анхаарлаа хандуулах бодлого чиглэлтэй ажиллаж байна.
✅Тухайлбал орон нутгийн удирдлагууд хэлсэн үгэндээ: “Сувилагч бэлтгэх” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сургалтын төлбөрийг хөнгөлж, ажлын байраар хангах; Сувилагч тусгай мэргэжилтнүүдийг орон сууцаар хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх; Мэргэжлээрээ ажиллах сувилагчдын тоог нэмэгдүүлэх, ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, тэднийг урамшуулах, эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч үзэж, холбогдох төсөв хөрөнгийг шийдвэрлэн аймгийн Засаг даргын “Бүтээлч-Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан арга хэмжээнүүд тусгагдсанг онцоллоо.
