
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2026 – 2028 онд хэрэгжүүлэх “Мэдээллийн технологийнсалбарыг хөгжүүлэх” төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд нэг талаас ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, нөгөө талаас ЖАЙКА байгууллагын Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн ахлах зөвлөх Югэ Ясүхико болон Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар гарын үсэг зурав.

Тус төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Мэдээллийн технологийн үндэсний парк ажиллана. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ.
Төслийн хүрээнд:
Хууль, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх;
Мэдээллийн технологийн бизнесүүдийг Төв Ази болон Япон Улс, бусад зах зээлд гаргах;
Төрийн их өгөгдлийг хиймэл оюунд суурилсан шийдлээр эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшил, иргэний нийгэм, их дээд сургуулиудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын туршлага нутагшуулахад анхаарах юм байна.
