
Төрийн банкнаас ногоон хөгжлийг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааныхаа цар хүрээг тэлж 21 аймагт зохион байгуулж эхэллээ.
Тус үзэсгэлэн худалдааг өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо Чагдаржавын талбайд зохион байгуулснаар ногоон технологийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан хоёр дахь аймаг болж байгаа аж. Үзэсгэлэн худалдааг Төрийн банкны Дундговь салбарын захирал Э.Хөхөөхүү нээсэн бөгөөд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар хэлсэн үгэндээ “Говийн бүсийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэхэд говийн аймгууд манлайлан оролцох ажилтай энэ удаагийн үзэсгэлэн нягт холбогдож байгаад баяртай байна” хэмээн Төрийн банкны хамт олонд талархал илэрхийлэв.
Төрийн банк нь бэлтгэн нийлүүлэгчдэд байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах боломж олгож, нөгөө талаас харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлийг газар дээр нь шийдвэрлүүлэн авах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгээрээ онцлог юм.
Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотоос сэргээгдэх эрчим хүч, дулаалгын болон эко тээврийн хэрэгслийн бэлтгэн нийлүүлэгчид хүрэлцэн ирж оролцож байгаагаас гадна Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тогтвортой хөгжилд чиглэсэн бизнес эрхлэгчдийг хамруулж байгаа гэдгээрээ давуу талтай. Банкны зүгээс үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчдад Тогтвортой хөгжлийн ач холбогдлыг таниулах, Тогтвортой санхүүжилтийн талаарх мэдлэг олгон ажиллаж байна. Мөн тус үзэсгэлэн худалдаанд оролцож буй бэлтгэн нийлүүлэгч “Эко сквэр” компанийн харилцагч Сайнцагаан сумын 7-р багийн иргэн “Эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын шийдэл бүхий төхөөрөмжийг Төрийн банкны ногоон зээлээр худалдан авч цахилгааны төлбөрөө хоёр дахин хэмнэсэн” талаар сэтгэгдлээ хуваалцан олон нийтэд ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриаллаа.