Sun Logo
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРАХ Ч ХЯМРАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРАХ Ч ХЯМРАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ

 ОУВС, Дэлхийн банк гишүүн орнуудын нөхцөл байдал болон дэлхийн эдийн засаг, тулгамдсан асуудлуудын талаар жил бүр хоёр удаа өргөн хүрээний уулзалт зохион байгуулдаг. Энэ жилийн Хаврын уулзалт 2025 оны дөрөвдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотноо боллоо. Уулзалтад Монгол Улсаа төлөөлж Шадар сайд Т. Доржханд, Сангийн сайд Б. Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцоод ирлээ. 

Энэ удаагийн уулзалт нь АНУ-ын тарифын нөлөө, худалдааны бодлогын тогтворгүй байдал, огцом өөрчлөлтүүд, геополитикийн зөрчлөөс үүдэлтэй зах зээлийн тогтворгүй байдал, хүндрэлтэй цаг үед зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог байсан бөгөөд зохион байгуулагчид ямар байр суурийг илэрхийлэхийг гишүүн улсууд анхааран хүлээж байсан. Тэгвэл ОУВС “Дэлхийн худалдааны хурцадмал байдал, бодлогын тодорхойгүй байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт буурах ч хямралын түвшинд хүрэх болоогүй” гэж мэдэгдлээ. Тодруулбал, манай улсын харьяалагддаг хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2025 онд 3.7%, 2026 онд 3.9% болж, 2025 оны нэгдүгээр сард гаргасан төсөөллөөс 0.5 болон 0.4 нэгж хувиар буурахаар байгааг ОУВС мэдэгдэлдээ онцолсон юм. Тав хоног үргэлжилсэн уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан болон бусад төлөөлөгчид АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн дэд сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Брадли Смит, ОУВС-ийн Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын захирал Кришна Шринивасан, Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх Гүйцэтгэх захирал Ким Сонвуг, Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Мануэла Ферро, Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх Гүйцэтгэх захирал Роберт Николь нартай тус тус уулзаж, Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцлоо. 

Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нарын уулзалтын үеэр талууд Дэлхийн банк болон Монгол Улс хоорондын Түншлэлийн стратегийн баримт бичиг, энэ хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүд, хэрэгжилтийн үр дүнгийн талаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг харилцан хүлээн зөвшөөрч, ирэх жилүүдэд Дэлхийн банктай шинээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар ярилцсан юм. Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан АНУ-ын Сангийн яамны Терроризм, санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн дэд сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Брадли Смиттэй уулзаж, Монгол Улсын ОХУ-аас авдаг түлш, эрчим хүчний импортын төлбөр тооцоог АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Гадаад хөрөнгийн хяналтын алба (ОФАК)-наас олгосон лицензэд үндэслэн хийж байгаа бөгөөд тус зөвшөөрлийн хугацаа 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан лицензийн хугацааг сунгах хүсэлтийг илэрхийлсэн. АНУ-ын Сангийн яамнаас тус хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, эдийн засаг, нийгмийн стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог тасалдуулалгүй хийх нь Монгол Улсын хувьд нэн чухал болохыг онцлон, лицензийн хугацааг сунгахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
9
Сүүлийн 7 хоног:
192
Сүүлийн сар:
579
Нийт:
2409
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР