
Зэвсэгт хүчний Жанжин штабаас Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй "Батлан хамгаалах үйлсэд оюутан залуус" төсөл өндөрлөх тун дөхөж байгаа билээ. Энэ удаад Кино урлагийн дээд сургууль, "Урлах Эрдэм" дизайн технологийн дээд сургууль, Монгол Улсын консерватори (Хөгжим бүжгийн коллеж), "Мон-Алтуис" дээд сургууль, Япон-Монголын хамтарсан "Соёл-Эрдэм" дээд сургууль, "Аварга" дээд сургуулийн оюутан, залуус, эрдэмтэн багш нар 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд оролцлоо.

Энэ үеэр Кино урлагийн дээд сургуулийн Жүжиглэх урлагийн багш, зөвлөх Ардын жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд "Энэ төсөл" эрхгүй цагаа олсон ажил байна. Маш сайхан үйл ажиллагаа боллоо, хүүхэд, залуус, багш нар минь их зүйл ойлгож, нэгийг бодож, ихийг тунгаалаа. Өвгөн би маш их баярлалаа.

Эх оронгүй бол бид хэн билээ, ээж үгүй бол үр юу билээ, сайхан байна, үр дүн нь их үлдэг ээ, цаашид оюутан залууст минь цэрэгжлийн буюу иргэний хамгаалалтын хичээл зайлшгүй ордог болоход анхаарч, дээш нь уламжилж өгөөрэй хэмээж байв.

Эрхэм Ардын жүжигчин нь Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд Монголын кино, тайзны урлагт олон арван амжилттай уран бүтээл туурвиж, 2021 онд төрийн дээд шагнал Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнагдсан эрхэм хүн билээ.



